Б.Намуун: Орчин үед эрэгтэй хүмүүс юбка өмсөж, хумсаа будаж юу ч хүйсэнд хамаарахаа больсон хэдий ч Монголчууд ойлгохгүй байна

Б.Намуун: Орчин үед эрэгтэй хүмүүс юбка өмсөж, хумсаа будаж юу ч хүйсэнд хамаарахаа больсон хэдий ч Монголчууд ойлгохгүй байна

Төрсөн цагаас нь эхлэн хүүхдэдээ хэлдэг үгс, тоглох тоглоом, өмсгөдөг хувцас, тэдэнд хандах хандлага, хүмүүжлийн арга барил гээд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд ялгавартай ханддаг. Ингэснээр хүүхдийн сэтгэлгээг хайрцаглаж, насан туршид нь илрэх жендэрийн хэвшмэл ойлголтыг бий болгодог.

Энэ явдал Монголд түгээмэл ажиглагддаг нь харамсалтай. Бид хүний харагдах байдал, хувцас хэрэглэлийг цензурдэж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг гадаад төрхөөр нь хайрцагладаг.

Үүний нэг жишээ бол эмэгтэй хүн урт үстэй, эрэгтэй хүн богино үстэй байх ёстой гэсэн ойлголт Монголчуудын дунд түгээмэл бий.

Тэгвэл энэ тухай цахим орчиндоо нийтэлж олны анхаарлыг татах болсон фото модель Б.Намууныг энэ удаад онцлон ярилцлаа. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй, Yolo.mn сайтад оюутан ахуй цагаасаа сэтгүүлчээр ажилласан ч сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлээрээ ажиллаагүй байгаа бөгөөд сонирхлоороо фото моделийн чиглэлээр ажилладаг нэгэн. Түүнтэй бид Монголчуудын гадаад төрхийн талаарх хэвшмэл ойлголт, үсээ тайрж богино болгосноор түүнд тохиолдох болсон зарим хөгжилтэй ч гэх үү зүйлсийн талаар ярилцлаа. Тэрбээр "Үсээ тайрж өөртөө шинэчлэл хийе гэж бодоогүй ч бага зэрэг чөлөөлөгдсөн мэт, эрх чөлөөтэй байгаа мэт мэдрэмж төрж байгаа. Орчин үед ямар ч хувцас, хэрэглэлд хүйс хамаарахаа больсон. Эрэгтэй хүмүүс ч хумсаа будаж, юбка өмсдөг болчихсон. Монголчууд хэвшмэл сэтгэлгээ, хэвшмэл ойлголтоосоо гарах хэрэгтэй" гэж ярьсан юм.

ВИДЕО: 

- Нийгэмд тогтчихсон хэвшмэл ойлголт байх шиг байна. Эрэгтэй хүн богино, эмэгтэй хүн урт үстэй байх ёстой гэдэг ч юм уу. Энэ талаар өөрт чинь тохиолдож байгаа зүйл, нийгмээс ирж буй хандлага ямар байна? Уг нь үсээ тайрна гэдэг энгийн л зүйл шүү дээ. 

Анх үсээ тайрж, бичлэг хийхэд маш олон хүн үзсэн байсан. Хүмүүс яагаад үсээ тайрсан бэ гэж маш их асуусан. Зүгээр л өөртөө бага ч гэсэн шинэчлэл хиймээр санагдсан юм. Үсээ тайрсантай холбогдуулан олон шинэ, сонин зүйлс тохиолдож байгаа. Тухайлбал өчигдөр бассейныхаа эмэгтэйчүүд суудаг хэсэгт сууж байхад нэг хүү ээждээ “Ээжээ энэ ах эмэгтэй юм уу” гэсэн. Би өмнөөс нь ах нь эмэгтэй гэлтэй нь биш сонсоод л сууж байсан. Бас "эмэгтэй юм шиг хумсаа будчихсан байх юм” гэх үед "эрэгтэй хүмүүс ч гэсэн хумсаа буддаг болчихсон шүү дээ” гэж хэлмээр л санагдсан.

Одоо ер нь юу ч хүйсэнд хамаарахаа больчихсон.

Хүсэх юм бол эмэгтэй хүн эрэгтэй хувцас, эрэгтэй хүн эмэгтэй хувцас өмсөж болно. Эрэгтэй хүмүүс ч юбка өмсөж, хумсаа буддаг болчихсон шүү дээ. Гоё ч харагддаг. Үүнийг хүмүүс их сайн ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна.

- Зарим хүмүүс гадаад төрхөндөө хэтэрхий ач холбогдол өгдөг юм шиг санагддаг. Тэр хэмжээгээр бусдыг шүүх гэж оролддог. Өөрөө олны нүд, хэл аманд ил байгаа хүний хувьд тийм зүйл ажиглагддаг уу?

Хүн өөртөө таалагдах гэж хийж байгаа юм шиг боловч цаанаа бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн айдастай байдаг. Ямар нэгэн зүйл хиймээр, эхлүүлмээр байгаа ч тэр бодолдоо баригдаад, өөрөө өөрийгөө баглаад тогтсон ойлголтонд өөрийгөө хайрцаглачихдаг. Тэр бодлоосоо салах хэрэгтэй байх. Ядаж л би нэг шинэ юм туршаад үзчихлээ гэдэг мэдрэмж амьдралд хөөрхөн өнгө нэмдэг шүү дээ. Тиймэрхүү байдлаар жоохон чөлөөтэй болж, хүссэнээрээ амьдраад байгаа ч юм шиг мэдрэмж төрөхийн хувьд төрдөг. Бүх хүмүүст л гадаад төрх нь ямар нэгэн хэмжээгээр чухал болон чухал биш. Гэхдээ түүнд бусдын бодол нэг их хамаатай биш учир аль болох өөрийнхөөрөө байх хэрэгтэй.

- Үүнтэй адилаар бусдын бодолд өөрийгөө хорьж байгаа, хайрцагнаасаа гарч чадахгүй байгаа хүмүүс зөндөө бий байх. Тэдэнд хандаж хэлэх зөвлөгөө байна уу? 

Би өмнө нь өөрийнхөө талаар бодох ч сөхөөгүй, зөв буруугаа ч мэдэхгүй нэг л их завгүй хүн л байдаг байсан. Эргээд харахаар хийсэн зүйл байхгүй ч юм шиг. Магадгүй хоёр жилийн өмнө надаас хэн нэгэн өөрийгөө танилцуулаач гэсэн бол би маш урт танилцуулга хэлэх байсан байх. Гэхдээ саяхнаас тэд нар яг миний жинхэнэ статус мөн үү, намайг тодорхойлох зүйл мөн үү гэж бодож эхэлснээс хойш миний хийсэн бүхэн, хийж байгаа бүхэн хоосон юм шиг санагдсан. Жинхэнэ намайг тодорхойлох зүйл аль нь ч биш байсан. Хүмүүсийн teenager байхдаа хийдэг өөрийгөө хайх аялалд би гарсан. Заримдаа арай эрт өөрөөсөө энэ асуултыг асуугаад, арай эрт өөрөө өөртэйгөө ярилцаад, дуртай зүйлээ хийгээд явах минь яав даа гэж боддог. Би тийм мундаг өөрийгөө таньж мэдсэн хүн биш ч гэлээ ганцхан зүйл хэлэхэд, жаргалтай биш байгаа юм шиг санагдаж байгаа бол түр завсарлага аваад үзээрэй гэж хэлмээр байна. Зүгээр л нэг хэсэг жоохон дураараа амьдрах гээд үзээрэй гэж бүх зүйлийг нь давж туулаад мэдчихсэн хүний хувиар биш мэдэх гээд оролдож байгаа бас нэг анхлан суралцагчийн хувиар зөвлөе дөө.