ФОТО СУРВАЛЖИЛГА: "Эх орны хүү болж, эр цэргийн тангараг өргөж буй хүүгээрээ бахархаж байна"

ФОТО СУРВАЛЖИЛГА: "Эх орны хүү болж, эр цэргийн тангараг өргөж буй хүүгээрээ бахархаж байна"

"Хүүд минь цэрэг хувцас сайхан зохижээ. Эх орны хүү болсон хүүгээрээ бахархаж байна" хэмээн хүүгээрээ бахархан омогшиг аав, ээжүүд, баярын нулимсаа барьж дийлэхгүй зогсох эмээ, өвөө нар, ах нараараа гоёсон бяцхан хүүхдүүдийн баяр жаргал, инээд хөөр өчигдөр /2023.06.10/ Багануур дүүргийн төв талбайд цангиналаа. 

Учир нь Хилийн цэргийн 0252 дугаар ангийн 2023 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчид эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өргөх ёслол тус талбайд болсон юм. Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жил, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн түүхт 50 жил ой энэ онд тохиож байгаа бөгөөд түүхэн ойг тохиолдуулан анх удаа Багануур дүүргийн Төв талбайд "Тангаргийн баяр"-ын ёслолын ажиллагааг зохион байгууллаа. 

Цэрэг эрс дуу нэгтэйгээр "Монгол Улсын иргэн би, Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон ард түмэндээ андгайлан тангараглая" хэмээн цэргийн тангаргаа өргөж эх орны цэрэг эрс болсноо баталсан нь омогшил төрүүлж байсныг нуух юун.

Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар

Энэ үеэр Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар "Хилийн цэргийн 0252 дугаар анги нь хилийн хэсэгт инженерийн байгууламжийг барьж байгуулах, хилийн отряд ангиудын автомашин техник хэрэгслийг засварлах чиг үүрэгтэй. Энэ удаагийн тангаргийн баяр Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жил, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн түүхт 50 жил ойн өмнө тохиож байгаагаараа онцлогтой болж байна. Ойн арга хэмжээний хүрээнд дүүргийн Төв талбай дээрээ нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, анх удаагаа Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Шинэ цэргийн тангаргийн баярын үйл ажиллагаа нь иргэдэд эр цэргийн алба болон Хил хамгаалах байгууллагыг сурталчлан таниулах олон талын ач холбогдолтой байлаа гэж дүгнэж байна" гэв. 

Байлдагч Ө.Батзоригийн ээж Ё.Ариунжаргал

Эцэг эхийн төлөөлөл болох Ё.Ариунжаргал "Би дөрвөн хүү, хоёр охин төрүүлсэн. Том хүү маань цэргийн алба хаагаад ирсэн. Одоо хоёр дахь хүү минь цэргийн алба хаахаар өнөөдөр эх орны хүү болж, эр цэргийн тангаргаа өргөж байгаад маш их баярлаж, бахархаж байна. Ө.Батзориг хүү маань цэргийн албанд мордохыг тэсэн ядан хүлээж байсан. Ах нь цэрэгт байсан тухайгаа ярих бүрд л хурдан цэрэгт явах сан гээд догдолдог байсан. Өнөөдөр хүүгийн минь хүсэл мөрөөдлийнх нь нэг хэсэг биелж байгаад үнэхээр их баярлаж байна" хэмээн хүүгээ бахархан ярьж байв. 

Хилийн цэргийн 0252 дугаар ангийн байлдагч О.Ууганзаяа, Г.Ган-Эрдэнэ

Харин эр цэргийн тангаргаа өргөж буй байлдагч О.Ууганзаяа "Өнөөдөр тангаргаа өргөөд, ар гэрийнхэнтэйгээ уулзаад үнэхээр сайхан байна. Миний хувьд цэргийн албанд тэнцэнэ гэж бодоогүй байсан. /инээв/ Цэргийн зарлан дуудах хуудсаар иргэний цэргийн үүргээ биелүүлээд очтол цэрэгт тэнцсэн. Сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан болохоор анх их л айж эмээх, хүмүүсийн ярьж хэлдэг шиг "хэцүү, зоддог ч гэдэг юм уу тийм газар байх болов уу" гэж бодож байлаа. Гэтэл бодож байсан шиг биш үнэхээр өөр, сайхан байсан. Одоо олон найз нөхөдтэй болоод их юм сурч байна" гээд ээжийнхээ захиасыг биелүүлээд эр цэргийн албаа нэр төртэй хаах болно" гэдгийг тодотгож байсан бол байлдагч Г.Ган-Эрдэнэ "Би цэрэгт явахыг багаасаа мөрөөдөж байсан. Өнөөдөр тэр мөрөөдөл минь биелж, эр хүн болж төрсний бахархал цэргийн тангаргаа өргөсөндөө баяртай байна. Тангаргийн баяраараа "Онц сурлагатан" болсонд ар гэрийнхэн маань маш их баярласан. Миний хувьд бусад цэргүүдээсээ орой унтаж, өглөө эрт босож аль болох дарга нарынхаа заасныг хичээнгүйлэн сурахыг эрмэлздэг тул энэ шагналыг надад өгсөн байх. Би ШУТИС-д суралцаж байгаад цэрэгт татагдан ирсэн. Тийм болохоор аав, ээж нар маань цэрэгт явна гэсэн шийдвэрийг маань эсэргүүцэж байсан ч эцэст нь хүлээн зөвшөөрсөн. Цэргийн албанаасаа халагдаад сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллана гэсэн бодолтой байгаа" гэсэн юм.    

Ахынхаа тангаргийн баярт ирсэн таван настай Б.Баттулга

Харин ахынхаа тангаргийн баярт ирсэн таван настай Б.Баттулга хүү "Миний ахыг Б.Анхбаяр гэдэг. Би ахыгаа ийм гоё хувцас өмссөн байхыг анх удаа харж байна. Ах маань буутай супер цэрэг болжээ. Би ахыгаа их санасан. Одоо ийм мундаг цэрэг болсон болохоор ахдаа санаа зовохгүй учир тийм их санахгүй байх. Ах маань жаахан борлоод, өндөр болжээ. Би том болоод ах шигээ цэрэг болно" гэсэн юм.   

МУИС-ийн оюутан Г.Дэлгэрбаатар

Найзынхаа тангаргийн баярт хүрэлцэн ирсэн МУИС-ийн оюутан Г.Дэлгэрбаатар "Өнөөдөр найз Э.Чинзоригтынхоо  тангаргийн баярт ирсэндээ баяртай байна. Миний найзын салаа шилдэг салаагаар шалгарсанд найзаараа бахархаад зогсож байна. Өглөө найзтайгаа уулзаад тэврээд бүүр уйлсан. Би цэргийн алба хаагаад өнгөрсөн намар халагдсан. Тийм болохоор найздаа цэргийн албаны тухай мэддэг бүхнээ хэлж өгсөн байсан. Найз маань "Цэргийн албанд ирсэн нь зөв сонголт байлаа" гэдгээ хэлж байна. Үе тэнгийнхэндээ цэргийн алба хааж, эх орондоо үнэнчийн баталгаа болгож, тангаргаа өргөөрэй гэж хэлмээр байна" хэмээлээ.