Уян зүүний халдвараар нас барсан нярайн хэрэгт эмч нарыг буруутгасан ч шүүхээс хэргийг өршөөлийн хуульд хамруулжээ

Уян зүүний халдвараар нас барсан нярайн хэрэгт эмч нарыг буруутгасан ч шүүхээс хэргийг өршөөлийн хуульд хамруулжээ

Х аймгийн Н сумын Сум дундын эмнэлэгт эх баригч ажилтай А.А нь ээлжинд гарч байх хугацаандаа амаржсан эхийн хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, тухайн хүүхдэд эмчилгээ хийж байсан их эмч И.П нь хүүхдийн гарын сарвуунд тавьсан уян зүүний халдварыг оройтож оношилсноос шалтгаалж эмчилгээ, үйлчилгээ оройтсон, тус эмнэлгийн ерөнхий эмч Д.Ч нь тухайн хүүхдийн биеийн байдлыг байнгын хяналтад байлгаагүй, нярайд эмчилгээ хийсэн эх баригч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаагүй, ажил үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүүхдийн гарт тавигдсан уян зүүний халдвар хүндэрч хүүхэд нас баржээ.

Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогчийн амь нас хохирсон тохиолдлыг гэмт хэрэгт тооцохоор заасан. Түүнчлэн, мөн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон байвал гэмт хэрэгт тооцно.

Прокуророос эх баригч А.А, их эмч И.П нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон, ерөнхий эмч Д.Ч-г эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Шүүхээс шүүгдэгч А.А нь эх баригч, шүүгдэгч И.П нь хүүхдийн их эмч, шүүгдэгч Д.Ч нь тус эмнэлгийн ерөнхий эмчийн хувьд Эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актуудын дагуу тус эмнэлэгт төрсөн нярайд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий субъект мөн гэж үзэн эх баригч ажилтай А.А-г Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3 дэх заалтууд, Нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний зааварт заасан “жирэмсэн эмэгтэйчүүдэд төрөх үед болон төрсний дараа нярайд үзүүлэх нэн шаардлагатай тусламж үзүүлэх”, “төрж буй нярайд нэн шаардлагатай тусламжийг багаар  үзүүлнэ”, Судасны гуурстай холбоотой халдвараас сэргийлэх, түүнийг тандах зааварт заасан үүргийг, хүүхдийн их эмч ажилтай И.П-г Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3 дэх заалтууд, Нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний заавар, Судасны гуурстай холбоотой халдвараас сэргийлэх, түүнийг тандах заавар,  Хүүхдийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилгод  заасан үүргийг, ерөнхий эмч Д.Ч-г Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3 дэх заалтууд, Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилго, зорилтын хүрээнд тогтмол хийж хэрэгжүүлэхээр заасан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэжээ.

Тиймээс шүүх шүүгдэгч А.А, И.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Ч-г мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах тул ерөнхий эмч Д.Ч-г өршөөн хэлтрүүлсэн бол эх баригч А.А, эмчлэгч эмч И.П нарын эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэжээ.