З.Энхболд, Т.Аюурсайхан нар нийтийн албанд ажиллах эрхээ бүх насаар хасуулж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял сонсож магадгүй

З.Энхболд, Т.Аюурсайхан нар нийтийн албанд ажиллах эрхээ бүх насаар хасуулж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял сонсож магадгүй

Авлигатай тэмцэх газраас улс төрд нөлөө бүхий байсан болон эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг шалгаж дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа. 

Тодруулбал, яллагдагч З.Энхболд, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн бөгөөд тус хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод байгаа талаарх мэдээлэл өчигдөр цацагдсан. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хэргийг хянаж байгаа. Одоогоор хэзээ шүүхэд шилжүүлэх нь тодорхойгүй байна" гэсэн юм. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд энэ талаар "Надад хамаарах нүүрсний хэрэг гэж байхгүй. Зам тээврийн Энх-Амгалан сайдын тушаалыг хэрэг гэж үзээд намайг хамжигч гээд яллаж байгаа хэрэг бол бий, тэр нь нүүрстэй холбоогүй. Энэ гүтгэлэг" хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа. Харин ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан өнөөдрийг хүртэл ам нээгээгүй байна. 

Тэгвэл тэднийг анх ямар үндэслэлээр яллагдагчаар татсан. Хэрэв эл үндэслэлээр нь яллах дүгнэлт үйлдэж, хэрэг нь шүүхээр эцэслэгдвэл хэдэн жилийн ял сонсох хуулийн зохицуулалттай вэ гэх мэдээллийг сөхөж үзлээ. Нийслэлийн прокурорын газраас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод Гэмт хэрэгт хамтран оролцох, хатгагч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. 

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Харин прокуророос Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн үндэслэлээр анх яллагдагчаар татсан байдаг юм. 

20.3 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. Товчхондоо, хэрэв З.Энхболд, Т.Аюурсайхан нар нь дээрх зүйл ангиар яллагдвал нийтийн албанд ажиллах эрхээ бүх насаар хасуулж, таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял сонсож магадгүй юм.