Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д тусгах гол санал мөн үүнтэй холбогдуулан хийж хэрэгжүүлж буй “Тэгш төлөөлөл” захидлын аяны талаар мэдээлэл хийлээ.
Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч Х.Номингэрэл, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс “Тэгш төлөөлөл” захидлын аяныг сүүлийн нэг сарын хугацаанд улс орон даяар өрнүүлж, өнөөдрийн байдлаар 3000 гаруй захидлыг цуглуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд УИХ-ын эмэгтэй гишүүдийн квотыг 40 хувь болгох санал эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн хэдий ч өчигдрийн МАН-ы мэдээллээр 30 хувь болгож бууруулна гэсэн шийдвэр гарсан байна. Үүнд маш их харамсаж байна. Бид 2024 оны сонгуульд 40 хувь, түүний дараагийн сонгуульд тавин хувь болгохыг шаардах болно. “Тогтвортой хөгжил 2030” бодлогын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангахын тулд шийдвэр гаргах түвшний квотын харьцааг 50:50 болгохыг зорьж ажиллаж буйн нэг хэсэг нь “Тэгш төлөөлөл” захидлын аян юм. Монгол улсын үндсэн хуульд саяхан өөрчлөлт оруулж, нийт гишүүдийн тоог нэмж 126 болгосон. Мөн тэр дундаа холимог тогтолцоог бий болгосныг бид талархан хүлээн авч байгаа. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад томоохон ач холбогдол бүхий улс төрийн систем байдаг. Гэсэн хэдий ч нийт квот 40 хувь хүрэхгүй бол ахиад л дэлхийн дундаждаа хүрэхгшүй болно” гэлээ.
Д.Энхжаргал, “Нийт хүн амын 52 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Нийгмийн бүх салбарт манллайлагч байж чаддаг. Эмэгтэйчүүд улс төрд орох гэхэд маш их мөнгөтэй тэмцэх шаардлага гардаг. Улс төрийн нам доторх шударга байдлыг бий болгох гарц гаргалгаа нь квотыг нэмэгдүүлэх учир дэмжиж байгаа юм. Түүнээс биш бид нарыг давуу байдал олгооч гэж хүсэж байгаа юм биш. Намууд зөвхөн эрх мэдлийн төлөө уралдаж буйгаас эмэгтэйчүүдээ олж харах нүд нь сохорсон байна. Түүнээс биш маш олон боловсролтой, туршлагатай эмэгтэйчүүд бий” гэсэн юм.