Хилийн чанадад амьдран суугаа иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардаж, "Бид төлөөлүүлэх эрхтэй" аяныг зарлалаа

Хилийн чанадад амьдран суугаа иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардаж, "Бид төлөөлүүлэх эрхтэй" аяныг зарлалаа

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл”, “Цахим өртөө холбоо” гэсэн гурван байгууллага хамтран хилийн чанадад амьдран суугаа 200 мянга гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болох боломжийг нь нээж өгөхийг шаардаж, “Бид төлөөлүүлэх эрхтэй” аяныг зарлалаа.

"Цахим өртөө холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл: Ойрын өдрүүдэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Холимог системээр гадаадад оршин суугаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх эрхтэй болж байгаа хэдий ч энэ нь зөвхөн УИХ-ын суудлын 38 хувийг л сонгох эрхтэй болсон нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Монголд амьдардаг бол тойрогт санал өгч, гадаадад амьдардаг бол тойрогт санал өгөх эрхгүй байгаа нь үндсэн хуулиар олгогдсон үл ялгаварлагдах эрхийг зөрчиж байна. Мөн Монгол улсын иргэд хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан тэгш сонгогдох, сонгох эрхтэй гэж заасан байдаг. Гадаадад амьдарч байгаа иргэд зөвхөн намын жагсаалд санал өгөх нь дээрх эрхийг зөрчиж байна.

Гадааддад суугаа 200 мянга гаруй иргэд Монгол улсын эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг. Тухайлбал жил бүр 500 сая ам долларыг Монгол улс руу шилжүүлдэг. Энэ нь ДНБ-ий 3-4 хувийг эзэлж байна. 

Эдгээр үндэслэлээр УИХ-ын сонгуульд гадаадад оршин суугаа иргэд тэгш оролцохыг шаардаж байгаа юм. Мөн сонгуулийн тойрог байгуулах үед гадаадад амьдран суугаа иргэдийг хамрах тойрог гаргаж өгөхийг хүсэж байна" гэсэн юм.