"Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм" сургалт болж байна

"Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм" сургалт болж байна

Хотын стандарт, хяналтын газраас даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг танилцуулах, хэрэгжилтэд арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор эмнэлгийн байгууллагуудад зориулсан хүчилтөрөгчийн хийн хангамжийн даралтат сав, баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангуулах сургалтыг зохион байгуулж байна.

Тус дүрмийн дагуу даралттай ажилладаг сав, цистерн торх, баллон, барокамерийн зураг төсөл хийх болон тэдгээрийг үйлдвэрлэх, шинэчлэх, угсрах, засварлах, ашиглах үед мөн тэдгээрт тохируулга зүгшрүүлэлт, техникийн үзлэг оношлогоо хийх үед тавигдах шаардлагуудыг тогтоож өгдөг. Даралтат сав, түүний хэсгүүдийн /үүнд сэлбэг хэрэгсэл ч хамаарна/ зураг төсөл болон мөн тэдгээрийн угсралт, шинэчлэлтийн зураг төслийг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх ёстой юм.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын барилга шинэчлэгдэн засварын ажил ихээхэн хийгдэж байгаа ч дэд бүтцийн асуудал буй эмнэлгийн хийн хангамжийн системийг орхигдуулж байна. Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн байгууллагад ашиглагдаж байгаа эмнэлгийн хийн хангамжийн систем өөр өөр түвшинд байна. Учрах эрсдлээс сэргийлэх, хамгаалах, аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай.

Тиймээс хоёр, гурав дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа эмнэлгийн хийн хангамжийн системийн өнөөгийн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээ тодорхойлж, бодлого боловсруулагч болон шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах нь тус сургалтын гол зорилго оршиж байгаа аж.