Баян-Өлгий аймагт хэт халсны улмаас шар усны үер бууж найман гүүр эвдэрчээ

Баян-Өлгий аймагт хэт халсны улмаас шар усны үер бууж найман гүүр эвдэрчээ

Ойрын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр хэт халсны улмаас Баян-Өлгий аймгийн уулархаг бүсийн цас хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бут зэрэг голын ус үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүсжээ.

Тухайлбал, Ховд голын усны түвшин нэмэгдсэнээс далангийн ус хальж 30 айл өрх усанд автсан бол Бугат сумын 3 дугаар багт аялал зугаалгаар явж байсан нэг иргэн Ховд голын усанд сэлэх гэж ороод осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

Мөн Цэнгэл сумын аялал жуулчлалын бүс болох “Сыргалы”, Хотон, Хурган нуур чиглэлийн болон Өлгий-Даян боомт чиглэлийн “Хув үе”, Харганатын гол, Шар тэгшийн голын модон гүүр,  Бугат суманд байрлах Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Ярантын боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто зам, Булган зэрэг голуудын модон гүүрний зорчих хэсэг цөмөрсөний улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон бол Алтай сумын орон нутгийн чанартай авто замын Хар бутны голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон байна.

Гол усны осол болон үерийн аюулт үзэгдлийн хариу арга хэмжээг орон нутгаас 110 иргэн, 37 тээврийн хэрэгсэлтэй 72 цагийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж байгаа аж.

Иймд Орон нутгийн удирдлагаас аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан эвдэрч сүйдсэн зам, гүүрийг яаралтай сэргээн засварлахаар ажиллаж байна. Мөн тус аймгаас ирсэн хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос дэмжлэг үзүүлэхээр боллоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.