Д.Пүрэвдорж: Тэтгэврийг тогтоохдоо ажилласан долоон жил бус таван жилийг харгалзан тооцохыг шаардаж, ахмадуудтай жагсах болно

Д.Пүрэвдорж: Тэтгэврийг тогтоохдоо ажилласан долоон жил бус таван жилийг харгалзан тооцохыг шаардаж, ахмадуудтай жагсах болно

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар Нийгмийн даатгалын багц хууль болон тэтгэвэр тогтоохтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнөөгийн нийгмийн үнийн өсөлтөөс үүдэж ахмадуудын тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна. Нийт ахмадуудын 85 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 500 мянга гаруйхан төгрөг авч, 20 хүрэхгүй хувь нь л 500 мянгаас дээш тэтгэвэр авч байна. Насаараа төр, нийгэмдээ зүтгэсэн ахмадуудад ингэж хандах харгис төр байж болохгүй гэж үзсэний үндсэн дээр 7 жилийг 5 жил болгох Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл өргөн барьсан хэдий ч хэлэлцэх эсэхийг нь дэмжчихээд анхны хэлэлцүүлгийг нь хийлгүй өдийг хүртэл гурван жилийн хугацаа өнгөрлөө. Та бүхний мэдэж байгаагаар хөшөөнд 36 тэрбум төгрөг зарцуулдаг Их хурал байж болохгүй. Тиймээс дараагийн даваа гараг буюу зургаадугаар сарын 19-ны өдрийн 12 цагаас ахмадуудтай нийлж, тэтгэврийг тогтоохдоо 7 жилийг 5 жилийн цалингийн дунджаар тооцох мөн 2018 оноос хойш долоон жилээр тогтоолгосон ахмадуудад нөхөн олговор олгохыг шаардаж жагсах болно. Тиймээс бүх ахмадуудаа ирэхийг уриалж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Хаврын чуулганд дээд албан тушаалтнуудын эрх ашгийг л ярьж байна уу гэхээс иргэдийн амьжиргааны түвшин, үнийн өсөлтийг ярьж хэлэлцэхгүй байна. Өнгөрсөн жилийн төсвийг батлуулахад Ардчилсан намын 11 гишүүн хүүхдийн мөнгийг тэгш олгох, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, мөн тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн дунджаар бус таван жилийн дунджаар тооцож, хохирсон ахмадуудад нөхөн олговор олгох зэрэг олон зүйлийг ярьж байсан хэдий ч ажил хэрэг болохгүй байна. Үүнийг дахин шаардаж, хаврын чуулган өндөрлөхөөс өмнө тэтгэврийн зөрүүг арилгахад анхаарна.