"Англи хэлийг гуравдугаар ангиас заах" заалтыг дэмжиж, авч үлдэхээр тохирчээ

"Англи хэлийг гуравдугаар ангиас заах" заалтыг дэмжиж, авч үлдэхээр тохирчээ

Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр боловсролын салбарт бүхэлд нь өөрчлөлт, шинэчлэл хийнэ. Эдгээрээс олон нийтийн анхаарлын төвд орсон ганц заалт байгаа нь "Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл" болгон зүйлчилж, бага ангиас нь зааж эхлэх тухай юм.

Хэлэлцүүлгийн шатанд энэ заалт олон нийтийн дунд маргаан үүсгэж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. УИХ-ын гишүүд болон иргэд өөр, өөр байр, суурийг илэрхийлж байлаа. Гэхдээ олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж буй иргэдийн олонх нь "Англи хэлийг бага ангиас нь заах нь зөв. Хүүхдээ англи хэлтэй болгохын тулд төлбөр  төлж сургадаг улс Монголоос өөр байхгүй. Англи хэл бол дэлхийн нийтийн ойлголцдог хэл болсон. Бүх шинжлэх ухааны ном, гарын авлага англи хэл дээр бичигдэж байна. Дэлхийн хэмжээнд боловсрол эзэмшинэ гэвэл англи хэлийг бага ангиас заахаас өөр аргагүй. Мөнгөтэй айлын хүүхдүүд бага ангиасаа англи хэл сураад боломжгүй айлын хүүхдүүд орхигдоод буй учир гадаадын сургуульд явж чадахгүй байна. Хүүхдүүд youtube үзээд англиар ярьдаг болсон энэ цагт англи хэлийг бага ангиас нь заахгүй гэдэг нь муйхар бодол" гэж байлаа. 

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр тус заалтыг дэмжиж байгаа аж.

УИХ-ын зарим гишүүн болон Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Боловсролын яам, УИХ болон хэд, хэдэн газарт бичиг хүргүүлж, "англи хэлийг бага ангиас заах" заалт нь эх хэлний дархлаанд сөргөөр нөлөөлнө гэх агуулгаар бичиг хүргүүлсэн ч УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд тус заалтыг хэвээр авч үлдэхээр тохирч буй аж.