Бор-Өндөрийн жоншны уурхайн цооногт үерийн ус орсны улмаас уурхайн гүнд ажиллаж байсан хоёр иргэн гарч чадалгүй гацжээ

Бор-Өндөрийн жоншны уурхайн цооногт үерийн ус орсны улмаас уурхайн гүнд ажиллаж байсан хоёр иргэн гарч чадалгүй гацжээ

Хэнтий аймгийн нутагт өчигдөр /2023.06.18/ их хэмжээний устай, аадар бороо орсны улмаас оройны 20.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн жоншны уурхайн 30-40 метрийн гүнтэй цооног руу үерийн ус орсон байна.

Тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан хоёр ажилтан гарч ирж чадаагүй бөгөөд энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны 20:25 цагт Онцгой байдлын Ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 20:50 цагт очиход жоншны уурхайн 30 метрийн босоо, 18 метрийн хөндлөн уурхайн цооног үерийн усаар дүүрсэн байжээ.

Уурхайн гүнд ажиллаж байсан ажилтан 40 настай эрэгтэй Ж, 33 настай эрэгтэй С нар гарч ирж чадаагүй тухай мэдэгдсэний дагуу Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай нэг насос авчирч, суурилуулан 03:35 цагт усыг соруулах ажлыг эхлүүлсэн байна.

06:30 цагийн байдлаар уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулсан ба “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай дахин нэг насос татан авчруулсан гэнэ. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар зургаадугаар сарын 19-ний 05:20 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөдөлсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлжээ.