МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нь "зар сурталчилгаа хийх" зориулалтаар Эрдэнэт үйлдвэрээс 40 сая, ЭМДС-аас 87 сая, БЗС-аас хүүхэддээ 63 мянган ам.долларын зээл авчээ

МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нь "зар сурталчилгаа хийх" зориулалтаар Эрдэнэт үйлдвэрээс 40 сая, ЭМДС-аас 87 сая, БЗС-аас хүүхэддээ 63 мянган ам.долларын зээл авчээ

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь 100 жилийн түүхтэй, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Гэхдээ тус холбоог нэр хүндээ өсгөх, мөнгө олох хэрэгсэл болгон ашигладаг юм биш биз гэх хардлага төрөх боллоо. 

Учир нь, 2018 оноос хойш тус байгууллагыг МАН-ын Бага хурлын гишүүн, 2020 оны УИХ-ын сонгуульд тус намаас Эрдэнэтэд Ц.Нямдоржтой хамт нэр дэвшин өрсөлдсөн Б.Оюунгэрэл гэх эмэгтэй удирдаж байна. Тэрбээр улс төрд орохын өмнөх бэлтгэлээ хангаж олон нийтэд танигдахын тулд тус холбооны ерөнхийлөгчийн ажлыг ч "авсан" байх магадлалтай гэдэг.

-АУДИТЫН ДҮГНЭЛТ: 21 САЯ 745 МЯНГАН ТӨГРӨГӨӨР СУРГАЛТ ЯВУУЛСАН ГЭХ БОЛОВЧ НОТЛОХ БАРИМТГҮЙ -

Тэгвэл Б.Оюунгэрэл нь гадна, дотны төслийн санхүүжилт, Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө, байгууллагуудын хамтын ажиллагааны гэрээгээр Монголын Эмэгтэйчүүдийн холбоондоо мөнгө авсан байна. Гэхдээ энэ хөрөнгө, санхүүжилт Монголын эмэгтэйчүүдийн төлөө зарцуулагдаж чаддаг эсэх нь анхаарал татна.  Тухайлбал, тэрбээр 2020 онд Эрдэнэт үйлдвэртэй өөрийн чухал.мн сайт болон Монголын Эмэгтэйчүүдийн холбоогоороо тус бүр 20 сая төгрөгийн гэрээг “зар, сурталчилгаа түгээх" зориулалтаар байгуулсан байдаг. Гэтэл Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нь зар, сурталчилгааны байгууллага мөн үү гэдэг нь өөрөө асуудал юм.

Мөн Эрүүл мэндийн дэмжих сантай HOPE нэртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх гэрээг байгуулж 21 сая 745 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон боловч гэрээний гүйцэтгэлийн тайланд цахимаар 10.000, танхимаар 700 гаруй хүнд сургалт явуулсныг нотлох анхан шатны баримтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж акт үйлдсэн нь аудитын дүгнэлтээр тодорхой болсон. Цаашлаад мөн тус сангаас “Хавдаргүй Монгол эмэгтэй” төрийн бус байгууллагаас 66 сая 500 мянган төгрөгийг 2022 онд авч байжээ.  

Ер нь санхүүжилт авах ажилд тус холбооны ерөнхийлөгч хөөцөлдөлгөө сайтай. Тэрбээр мөн ХӨСҮТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажилладаг бөгөөд тус эмнэлгийн ТУЗ нь бүхий л санхүүжилтийг баталдаг гэх мэдээлэл байдаг. Энэ хүрээнд төсөл хөтөлбөрт хамрагдах шаардлагаар ХӨСҮТ-ийн ТУЗ-д орсон талаар тус эмнэлгийн ажилчид ярьдаг. 

-БОСГО ОНОО НЬ ХҮРЭЭГҮЙ Ч БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС ЗЭЭЛ АВСАН -

Мөн түүний охин Э.Энхүүлэн нь Боловсролын зээлийн сангийн 63 мянган долларын санхүүжилтээр Австралийн Монаш Их сургуульд баклаврт суралцаж байна. Боловсролын зээлийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Сийлэгмаа “Э.Энхүүлэн нь босго оноо нь хүрээгүй. С үнэлгээтэй хүүхэд байсан. Хүчээр зүтгэсээр байгаад зээлэнд хамрагдсан” гэж мэдэгдсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй холбоотой нийтэд ил болсон мөнгөний асуудлыг ил болгоход энэ байна. Үүнээс гадна тус байгууллага нь гадаад улс орны төсөл хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авдаг.