АРХАНГАЙ 100 ЖИЛ: Амьтны хүрээлэн, амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, цирк, бөхийн барилдаан, мото уралдаан, нийтийн дуучдын шоу, Люминогийн тоглолтонд урьж байна

АРХАНГАЙ 100 ЖИЛ: Амьтны хүрээлэн, амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, цирк, бөхийн барилдаан, мото уралдаан, нийтийн дуучдын шоу, Люминогийн тоглолтонд урьж байна

Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадам ирэх долдугаар сард /2023.07/ болно. Уг ойг угтан долдугаар сарын 01-30-ны хугацаанд урлаг, соёл, аялал жуулчлалын цогц эвент арга хэмжээг Архангай аймагт зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар зохион байгуулагч "Ар Комплекс" төслийн багийнхан мэдээлэл өглөө. 

Тодруулбал, энэ үеэр "Ар комплекс" төслийн зөвлөх н.Чимэдням " Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос зүүн чигт 2.5 км зайд "Ар комплекс" нэртэй хөдөө аж, ахуй, аялал жуулчлалын цогцолборыг байгуулж байна. Одоогийн байдлаар барилгын ажил дуусч, тохижилтын заримыг хийж гүйцэтгэж байгаа. Тус комплекст зогсоол талбайг шийдэж өгснөөс гадна дээрх заасан хугацаанд өдөр бүр ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулна. Тэнд өдөр бүр явуулын цирк, амьтны хүрээлэн  ажиллахаас гадна 30 гаруй төрлийн хоолны сонголттой рестораныг ажиллуулна. Мөн долдугаар сарын 01-ны өдрөөс 05-ны өдрийн хугацаанд "Монгол" киног "Ар комплекс"-т гаргахаар тохирсон. Цаашлаад арт үзэсгэлэнг гаргаж, амьд хөгжмийн наадмыг зохион байгуулна. Үүнд Нисванис зэрэг хамтлаг багтаж байгаа. Архангай аймгийнхан бол тус нутгаар дайран өнгөрөх дотоодын аялал жуулчид маань уг комплекст саатан дээрх арга хэмжээг үзэж, сонирхож болох. Мото спортын наадмыг ч зохион байгуулна" гэлээ. 

Харин Улсын гарьд, "Бөх билэгт" дэвжээний дасгалжуулагч багш Д.Рагчаа " 100 жилийн ойд зориулж "Бөх билэгт" дэвжээнээс мөнгөн цомын шигшээ барилдааныг зохион байгуулсан. Шигшээгээс шалгарсан сумын заануудын барилдаан долдугаар сарын 5-6-ны өдөр "Ар комплекст" болно. Энэ мэт арга хэмжээнд идэвхтэй оролцоорой" гэв. 

СТА, дуучин Э.Төрмандах "Долдугаар сарын 07-ны өдөр 19.00 цагт нийтийн дууны 16 дуучин тус комплекст очиж ая, дуугаа өргөнө" гэсэн юм. Мөн "Монголын авто мастер" холбооны ээлжит гараа долдугаар сарын 22-ны өдөр Архангайд болохоор бэлтгэл ажлыг хангаж буй аж. Энэ уралдаанд 50 орчим уралдаанч оролцох юм байна. Түүнээс гадна долдугаар сарын 15-ны өдөр Люмино хамтлаг бүтэн тоглолтоо хийх юм байна. 

ҮЗЭХ: