БНСУ-ын алдарт жүжигчин Рю Сын Рён-г "Монгол улсын аялал жуулчлалын элч”-ээр томилжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Рю Сын Рён-г "Монгол улсын аялал жуулчлалын элч”-ээр томилжээ

Монгол улсын Засгийн газраас 2023 онд “Нэг сая жуулчин” хүлээн авах зорилт тавин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд БНСУ-аас 250 мянган жуулчин хүлээн авахаар зорьсон ба үүнд дэмжлэг үзүүлж, Монгол орныг Солонгос улсад сурталчлан таниулах зорилгоор тус улсын жүжигчин Рю Сын Рён-г БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын “Аялал жуулчлалын элч”-ээр томилжээ.

Сонорхуулахад, Жүжигчин Рю Сын Рён нь театрын урлагаас жүжигчний карьераа эхлүүлсэн байдаг. Тэрбээр “Extreme Job", "Miracle in Cell No.7", "Murder take one” зэрэг кинонд гол дүр бүтээж, хэдийнээ Монголчуудын танил болсон жүжигчин билээ.

Түүний 2013 онд тоглосон "7-р өрөөний гайхамшиг" кино нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон Солонгосын гурав дахь кино болж байсан бол 2014 онд тоглосон "Admiral: Roaring Currents" түүхэн кино нь тухайн цаг үедээ хамгийн их ашиг олсон киногоор нэрлэгдэж байжээ. Мөн тоглосон киног нь 10 сая гаруй хүн үзсэн БНСУ-ын анхны жүжигчин болсон юм. Тэрбээр нийт 36 бүрэн хэмжээний, 12 олон ангит кинонд гол дүрд тоглосон алдарт жүжигчин билээ.