Б.Алтанзул: "Синдерелла клиник" эмнэлэг хориглодог цэгт филлер тарилга хийснээс болж хохирогч эмэгтэй 99 хувийн хараа алдалттай болсон

Б.Алтанзул: "Синдерелла клиник" эмнэлэг хориглодог цэгт филлер тарилга хийснээс болж хохирогч эмэгтэй 99 хувийн хараа алдалттай болсон

"Синдерелла клиник" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэнийг төлөөлж Хууль зүйн үйлчилгээний өмгөөлөгч х.Алтанзул, х.Минжмаа нар мэдээлэл хийлээ. 

Хууль зүйн үйлчилгээний өмгөөлөгч Б.Алтанзул, "2022 оны аравдугаар сарын 25-нд тухайн эмэгтэй Синдерелла клиник эмнэлгээр үйлчлүүлэх явцад нүд нь бүрэлзэж дотор нь муухайрч эхэлсэн байдаг. Тухайн үед цаг алдаж түргэн тусламж үзүүлснээс үйлчлүүлэгч эмэгтэйн баруун нүд 99 хувийн хараа алдалттай болсон. Энэ нь олон жил дараа нөгөө нүдэндээ нөлөөлж, зүүн нүд нь мөн хараагүй болно гэсэн дүн шинжилгээ гарсан. 

Синдерелла клиник эмнэлгийн тухайд эмчилгээний стандартын шаардлага, удирдамжгүйгээр буюу үүсэж болох нөхцөл байдлын тухай огт дурдалгүйгээр анхаарах асуудал болон эмчилгээний дараа гам барих зэргийг л тусгасан байгаа нь Олон улсын стандартад огт нийцэхгүй байна.

Хохирогч эмэгтэйн хувьд 30 гаран настай, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй охинтой, 70 орчим насны ээжтэйгээ гурвуулаа амьдардаг байсан. Мөн гадагш явах зорилгоор маш их ачаалалтай ажиллаж байгаад нүднийх нь доогуур хөхрөлт үүсэж, Синдерелла клиник эмнэлэгт очсон. Тухайн үед эмнэлгийн зүгээс филлер үйлчилгээг санал болгожээ. Мөн 500 сая төгрөг авчихаад ахиад сүрдүүлээд мөнгө нэхэж байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Өнөөдрийн Хувьд бид тус эмнэлгээс 60 мянган долларыг л авсан. Хохирогч эмэгтэй Герман болон Непал улсад хийлгэсэн эмчилгээнд  нийт 110 мянган доллар зарцуулсан" гэлээ.

Хууль зүйн үйлчилгээний өмгөөлөгч Г.Минжмаа, "Дэлхий томоохон гоо сайхны эмнэлгүүдэд ч зөвшөөрдөггүй цэгт филлэр хийсэн нь хамгийн том алдаа болсон.

Мөн тус тарилгыг хийдэг зөвшөөрөл бүхий улс орнуудын жагсаалтанд Монгол улс байхгүй байна. Үүнийг хаанаас зөвшөөрлийг авсан бэ? гэдэг асуудал маш эргэлзээтэй байна.

Түүнчлэн хэвлэл мэдээлэлд хандсанаас хойш бидний дата мэдээлэлд халдаж байгаа. Үүүнийг бид Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж байна. Хохирогч эмэгтэй одоогийн байдлаар хөдөлмөрийн чадвараа 66 хувиар алдсан. Цаашдаа баруун нүдээр тогтохгүй зүүн нүдэнд өөрчлөлт орно гэсэн. Тиймээс холбогдох төрийн байгууллагууд нь ажлаа үнэн зөв хийж, асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсэж байна. Мөн энэ байгууллагад эмнэлзүйн зөвшөөрөл өгсөн газарт хяналт шалгалт хийхийг шаардаж байна" гэсэн юм.