Бээжин хотноо “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бизнес форумыг энэ сарын 29-нд зохион байгуулна

Бээжин хотноо “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бизнес форумыг энэ сарын 29-нд зохион байгуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт 223 мянга 680 жуулчин хүлээж авч, 324 сая ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлсэн гэдгийг албаны хүмүүс мэдээллэв. Ажлын гүйцэтгэл нь төлөвлөснөөс 78.9 хувь байгаа аж. БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Казахстан улсын жуулчдын урсгал нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр "Чингис хаан агаарын тээврийн боомтоор жуулчдын 38.1 хувь нь Боршоо, Замын-Үүд, Цагааннуурын боомтуудаар бусад голлох жуулчид ирж аялсан. Жуулчдын 80-аад хувь нь визгүй, визийг түр чөлөөлсөн орнуудаас ирсэн байгаа нь визийн шаардлагаас хөнгөлж, чөлөөлсөн арга хэмжээ үр дүнтэй байна” гэж дүгнэж байна.

90 гаруй орны иргэд цахимаар виз мэдүүлэн шийдвэрлүүлэх боломж бүрдсэн. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 23 жилийн дараа УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. БОАЖЯ-аас “Welcome to Mongolia” хөтөлбөрийн хүрээнд “Монгол-Солонгосын аялал жуулчлалын форум”, “Япон-Монголын аялал жуулчлалын форум-2023”-ыг амжилттай зохион байгуулсан бол энэ сарын 29-нд БНХАУ-ын Бээжин хотноо “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бизнес форумыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна" гэдгийг тодотголоо. 

Д.ЧИМЭДДУЛАМ