Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийг АТГ-аас шалгаж, хэргийг прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, Түүнийг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шүүхэд шилжүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүсэн байна.

Сонирхуулахад, Ш.Алтанчимэг нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 476,7 м.кв талбай бүхий оффисын талбайд ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б” ХХК-тай 185 гаруй сая төгрөгөөр гэрээ байгуулжээ. Энэ нь улсад их хэмжээний хохирол учруулсан гэж АТГ-аас үзсэн байна. Энэхүү хэрэг үйлдэгдэхэд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдсон тус сангийн хуульч “Д”, ахлах мэргэжилтэн “Бц”, “Бм”, хараат бус гишүүн “Д", “Ц” нар нь мөн хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй “Б” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн байна.

Мөн Ш.Алтанчимэг нь Ерөнхий нягтлан бодогчид үүрэг өгч, мөнгө шилжүүлснээр 38.663.013 төгрөгийн хохирол улсад учруулсан гэх хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлжээ.