Борооны улмаас цахилгаангүй болсон аймгуудад рентгэн зураг зэрэг эмнэлгийн үйлчилгээг нэн яаралтай биш бол түр зогсоожээ

Борооны улмаас цахилгаангүй болсон аймгуудад рентгэн зураг зэрэг эмнэлгийн үйлчилгээг нэн яаралтай биш бол түр зогсоожээ

Энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх 110кВ-ын 24 тулгуур унасны улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Эрдэнэт зэрэг таван аймгийн 82 сум цахилгаан эрчим хүчгүй болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар усархаг бороо орж, шуурснаас болсон гэж үзэж байгаа бөгөөд гэмтлийг засварлаж, суурин газруудыг эрчим хүчинд холбох ажлыг салбар яамд болон Цахилгаан түгээх сүлжээ компаниуд шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа талаар Эрчим Хүчний Яам мэдээлсэн юм.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар сэргээн засварлах ажилд багадаа 3-5 хоног шаардагдах урьдчилсан тооцоо гарсан байна.

Засварын ажилд Улаанбаатар, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон Хархорин сумын Цахилгаан дамжуулах агаарын шугамын 120 гаруй ажилчид гэмтлийг богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд зургаадугаар сарын 28-нд буюу маргааш цахилгаан эрчим хүчийг хэвийн горимд шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянхонгор аймагт тог тасарсны улмаас ус тасарч одоогоор дэлгүүрээс ус аван хэрэглээгээ зохицуулж байгаа бөгөөд бензин колонкууд мотороор үйлчилж байгаа гэнэ. Мөн орон сууцны 3 давхраас дээш ус тасарсан байгаа тул иргэдийг усаа нөөцөлж, усны ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байгаа гэлээ.

Мөн моторын ачааллаас үүдэж цахилгаан өндөр хэрэглэдэг рентгэн зураг зэрэг эмнэлгийн үйлчилгээг нэн яаралтай биш бол түр зогсоосон байна.

Тус аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төвд 230 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээ болон нэн яаралтай тусламж шаардлагатай зургаан өвчтөн байгаа бөгөөд шаардлагатай хүчилтөрөгч өгөх бусад эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд анхаарч байгаа тул одоогийн байдлаар ямар нэгэн хүндрэл учраагүй байгаа талаар Баянхонгор аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2023.06.27/ мэдээллээ.