Жолооч нь хутга барьж танхайрсан ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Жолооч нь хутга барьж танхайрсан ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Автомашин ачдаг компанийн ажилтан маргаан дэгдээж, хутга барьж танхайрч байгаа бичлэг өчигдөр /2023.06.28/ цахим сүлжээнд нийтлэгдэж, олны дургүйцлийг төрүүлсэн. Тэгвэл тухайн ачилтын компанид хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоосон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

ЗХУТ-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн "Ачигч автомашины жолооч хутга гарган танхайрсан бичлэг цахим сүлжээнд өчигдөр тарсан. Гэрээ байгуулж ажилладгийн хувьд буруутай үйл ажиллагаа гаргасан ажилтан болон харьяа компанийн өмнөөс иргэдийг бухимдуулсан явдалд уучлалт гуйж байна. Тус ёс зүйн алдаатай үйлдэл гаргасан автомашин ачилтын "Баян Хаяабасу" компанийн үйл ажиллагааг зогсоосон. Уг асуудлаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Эрх бүхий байгууллагын шалгалтын шийдвэр гарсны дараа, дараагийн арга хэмжээг авч ажиллана. Мөн нийт гэрээт компаниуддаа заавал мөрдөх хуулийн хэрэгжилтийг хангаж, ёс зүйтэй ажиллахыг анхааруулж байна. Эдгээр дүрэм, журмыг зөрчвөл гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье. Манай байгууллага өнгөрсөн онд зөрчил гаргасан автомашиныг зөөн шилжүүлэх үйл ажиллагааг, гэрээ хийх эрхийг шилжүүлж авсан. Тус эрхийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн зургаан дүүрэг, 15 ААН-тэй гэрээ байгуулж, хэрэгжилтийг хянан ажиллаж байна.

Ажил хүлээж авснаас өнөөдрийн байдлаар 120 иргэнээс автомашин ачилттай холбоотой гомдол ирсэн. Эдгээр гомдлыг цаг хугацаанд нь хариу өгч бүрэн шийдвэрлэсэн. Өмнөх оны мөн үеэс өргөдөл, гомдлын тоо буурсан. Манай байгууллага гэрээт компаниуддаа ёс зүйн өндөр шаардлага тавьж байгаа" гэв.