Т.Сүхболд: Зохион байгуулалттай бүлэг байгуулан үйлдсэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа 20 этгээдийг цагдан хорьсон

Т.Сүхболд: Зохион байгуулалттай бүлэг байгуулан үйлдсэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа 20 этгээдийг цагдан хорьсон

Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй холбоотой гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Эрүүгийн Цагдаагийн Газрын дарга, хурандаа Т.Сүхболд "Сүүлийн жилүүдэд урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоосон, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлж байгаа иргэдийг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан дарамталдаг, сүрдүүлдэг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүд цагдаагийн байгууллагад шалгагдсан.

Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй зохион байгуулалттай бүлэг үүсгэж, ААН, иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хууль бусаар саад учруулах, ААН-үүдийн удирдлага, гэр бүл, ойр дотнынхныг нь шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх, захиалагч талд ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэх зэргээр мөнгө олж, амьдралын эх үүсвэрээ болгодог гэмт хэргүүд шалгагдсан. Тухайн гэмт хэргүүдийг цагдаагийн байгууллагаас тусгайлсан чиг үүрэг бүхий хэлтэс болон бусад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран үе шаттай арга хэмжээнүүд явуулж ажилладаг.

Сүүлийн гурван жилийн тоо баримтыг дурдвал 2021 онд гурван бүлгийн зургаан этгээдэд, 2022 онд зургаан бүлгийн 12 этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. 2023 оны эхний зургаан сарын байдлаар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа 23 бүлгийн 42 этгээдийн хууль бус үйлдлийг шалгаж, 11 бүлгийн 27 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эдгээр гэмт хэргийг шуурхай илрүүлэх, шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагч нар багтсан. Одоогийн байдлаар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 20 этгээдийг цагдан хорьсон. 

Цагдаагийн байгууллагаас хяналт тавьж байгаа этгээдүүдийн зүгээс нийгэмд айдас түгшүүр төрүүлж, иргэдийн эрх чөлөө,  эрүүл мэнд, эд хөрөнгөд халдан тогтвортой ажиллагаа явуулж байгаа гэмт бүлэг одоогоор байхгүй. Нийгэмд түгшүүр төрүүлэн бусдыг айлган сүрдүүлэх төрлийн гэмт хэрэгт өртсөн ААН, иргэд, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тухай мэдээллийг 102, ЭЦА-ны 262425 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авна" гэдгийг тодотголоо.