ШУУРХАЙ: Сайд асан Л.Гансүх, ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүү нарын хэргийг шалгаж дууслаа

ШУУРХАЙ: Сайд асан Л.Гансүх, ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүү нарын хэргийг шалгаж дууслаа

Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүү болон түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусжээ.

Ц.Ганхүүгийн гэр, албан өрөө, хамаарал бүхий хүмүүсийнх нь оффист 2021 оны наймдугаар сард нэгжлэг хийж, удалгүй Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ. “Нүүрс хөтөлбөрийн” гэх хэрэгт ял шийтгүүлсэн Л.Гансүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа Ц.Ганхүүгийн эхнэр Ш.Сарантуяагийн үүсгэн байгуулсан, 2017 оноос хүү Г.Батболд нь гүйцэтгэх захирлаар ажиллах болсон “Инэл” болон “Твин хаус” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг, дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд 6233.04, 97473.6 ам метр талбай бүхий газар ашиглах зөвшөөрөл олгосон аж.

Ийнхүү газар олгоход Л.Гансүх, Ц.Ганхүү нар нэг нутаг, нэг сургуульд сурч байсан нь нөлөөлсөн гэж хардах хүн ч бий. Ц.Ганхүүгийн хамаарал бүхий хүмүүсийн “Инэл”, “Твин хаус” ХХК-ийнхан дархан цаазат бүсэд авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцын хотхон, хороолол барьчихаад буй билээ.

Тодруулбал, эл хоёр аж ахуйн нэгж Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” нэртэй хотхон барьж ашиглалтад оруулаад удаж байгаа юм. Уг нь тэдэнд холбогдох хэрэгт өнгөрсөн дөрөвдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн ч зарим нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөд буцаасан аж.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө