Япон Улсын Засгийн газраас Гадаад иргэнд олгодог одонг Р.Барсболдод гардуулав

Япон Улсын Засгийн газраас Гадаад иргэнд олгодог одонг Р.Барсболдод гардуулав

ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал асан Р.Барсболдод 2023 оны хаврын Гадаад иргэнд олгох шагнал гардуулах ёслолыг 6 дугаар сарын 29-ний өдөр Японы Элчин сайдын өргөөнд зохион байгуулав.

“Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг түүний Монгол, Япон улсын хооронд эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү олгожээ.

Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши, “ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал асан, академич Р.Барсболд Танд “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнуулж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэе. Академич Р. Барсболд 1985 онд Япон Улсын хэмжээнд анх удаа нийт 19 байршилд "Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэн"-г зохион байгуулахад хүчин чармайлт гаргасан. Тус үзэсгэлэнг Япон Улсад зохион байгуулснаар Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараах Япон-Монгол хоёр улсын тус салбар дахь хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа явуулах эхлэл болсон. 2002 онд Эрхэмсэг ханхүү, гүнж Акишино /одоогийн угсаа залгамжлах хунтайж, гүнж/ нарын Монгол Улсад хийсэн айлчлал, 2007 онд Угсаа залгамжлагч хунтайж /одоогийн Эзэн хаан/-ы Монголд хийсэн айлчлалын үеэр академич Р.Барсболд Палеонтологийн хүрээлэнгийн захирлын хувиар Монголын палеонтологийн судалгааны талаар танилцуулга хийх зэрэг чухал үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн мэндчилгээ дэвшүүлэн энэхүү одонг өргөмжлөлийн хамт гардуулан өгөв.

Одон гардуулах ёслолд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нарын эрдэмтэд баяр хүргэсэн юм.

Ташрамд дурдахад, Япон Улсын Засгийн газар Японы улс төр-гадаад харилцаа, аж үйлдвэр-эдийн засаг, эрдэм шинжилгээ-соёл зэрэг салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зэрэг үлэмж их гавьяа зүтгэл гаргасан гадаад иргэдэд одон гардуулж ирсэн. Монголоос одоогоор 20 гаруй хүн энэхүү одон хүртээд байна.