Компаниудаар брэндийн хувцас авахуулж, хүчингүй болсон газрыг өндөр үнээр борлуулдаг байсан гэх НМХГ-ын Ж.Ганзоригийн хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ

Компаниудаар брэндийн хувцас авахуулж, хүчингүй болсон газрыг өндөр үнээр борлуулдаг байсан гэх НМХГ-ын Ж.Ганзоригийн хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад дахиад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүллээ.

Уг нь өнгөрсөн оны зун түүнд яллах дүгнэлт үйлдүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж шүүгч гаргасан юм. НПГ-аас Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хахууль авсан”, 22.1-2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэж байсан билээ.

Түүнийг албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн.

Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авч байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоож, шинжээчид ч 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл авхуулсан хэмээн дүгнэсэн байдаг. Уг хэргийг шалгах явцад хүчингүй болсон газрыг бусдыг дарамтлан өндөр үнээр борлуулсныг ч тогтоосон. Тодруулбал, түүний төрсөн дүүгийн үүсгэн байгуулсан “Шилийн их баян” ХХК-д БОАЖЯ-наас 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд Богдхан уулын тусгай хамгаалалттай нутгийн Арцатын аманд 0.9 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглах гэрчилгээ олгосон байж.

Гэтэл уг хугацаа нь дууссан газрыг иргэн Д.Э-д 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж, албан тушаалаа ашиглаж, шууд худалдан авахыг тулган шаардсан хэрэгт холбогдсон юм.

Мөн “Эф эл финанс лайн” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцыг 282.5 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 100 саяд нь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай, “Блюворлд” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг шилжүүлэхээр болсон аж. Улмаар тус компанийн захирлын эхнэр Х.Х-д 2020 оны тавдугаар сард шилжүүлсэн гэнэ. Ингээд ХААН банкнаас 182.5 сая төгрөгийн зээл авч, уг орон сууцаа эхнэрийнхээ “Нейро хелд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өөртөө болон “Нейро хелд” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм.