"Улаанбаатар" клуб 12 жилийн дараа дээд лигийн аварга боллоо

"Улаанбаатар" клуб 12 жилийн дараа дээд лигийн аварга боллоо

Монголын хөл бөмбөгийн холбооны нэг тэрбумын шагналын сан бүхий 2022-2023 оны улирлын "Моби Дээд Лиг" 2022 оны наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн анх удаа 27 тойргийн тоглолтууд явагдаж өчигдөр /2023.07.02/ хаалтаа хийлээ.

Хаалтын ажиллагаанд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал, ЕНБДарга Д.Тэрбаатар, Мобиком корпорацын Санхүү эрхэлсэн тэргүүн Ясухико Фукуи, Монгол Контент ХХК-тйн гүйцэтгэх захирал Э.Чинзориг, Мобифинанс ББСБ-ийн албаны захирал А.Алтанбагана болон МХБХ-ны Зөвлөлийн гишүүд оролцож, 2022-2023 оны "Моби Дээд Лиг"-ийн улиралд амжилттай өрсөлдсөн 4-өөс 9-р байруудад орсон Ховд, Төв Азарганууд, Хангарьд, Хаан Хүнс-Эрчим, Хоромхон, Би Си Эйч Лионс зэрэг клубүүдэд шагналыг гаруулан өгсөн юм.

Нийт 27 тойргийн турш өөрсдийн хурд хүч авхаалж самбаагаа гаргасан шилдгүүдэд шагнал гардуулахад шилдэг талбайн шүүгчээр ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны Элит туслах шүүгч МХБХ-ны А ангиллын шүүгч Э.Ариунболд, туслах шүүгчээр МХБХ-ны А ангиллын шүүгч Б.Эрдэнэгомбо нар тодорч шилдэг тоглогчдыг шалгаруулахад хаалгачаар Э.Мөнх-Эрдэнэ /Улаанбаатар клуб/, хамгаалагчаар О.Мөнх-Оргил /Дэрэн клуб/, хагас хамгаалагчаар Акихиро Сүзүки /Улаанбаатар клуб/ довтлогчдоор Б.Мөнх-Эрдэнэ/Ховд/ болон Ц.Түмэнжаргал /Төв Азарганууд/ нар тус тус тодорсон бол шилдэг дасгалжуулагч Улаанбаатар клубийн Серби мэргэжилтэн В.Бралусич тодорсон юм.

Медаль байруудыг шалгаруулахад хүрэл медалийг М.Болд эзэнтэй И.Отгонбаяр дасгалжуулагчтай "Булган СП Фалконс" клуб, мөнгөн медалийг Г.Мөнхчулуун эзэнтэй Ч.Мөнхбат дасгалжуулагчтай "Дэрэн" клуб хүртсэн аваргын алтан медаль цомын эздээр Дээд Лигийн нэг удаагийн аварга дөрвөн удаагийн мөнгөн медальт Б.Гантиг эзэнтэй В.Бралусич дасгалжуулагчтай "Улаанбаатар" клуб 12 жилийн дараа Монголын Хөлбөмбөгийн дээд лигийн аварга багаар тодорч байна.