Хөтлөгч Э.Энхзоригийг 35 сая төгрөг залилсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

Хөтлөгч Э.Энхзоригийг 35 сая төгрөг залилсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах буюу Амараад дээрэмдүүлснээс орон байраа алдах дээрээ тулаад байгаа хэмээн мэдээлж байсан телевизийн хөтлөгч Э.Энхзоригийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр иргэн “Б”-ээс “Зүс таних хүмүүстэй уулзаж лоунжи түрээслэнэ гэж 2022 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 35 сая төгрөг шилжүүлэн өгч залилуулсан” гэх гомдол гаргасан байна.

Энэ дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн Э.Энхзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл.Залилах

 

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.