Францад болж буй иргэдийн эсэргүүцэл хурцадмал байдалд шилжиж, Ерөнхийлөгч Э.Макрон төрийн айлчлалаа хойшлууллаа

Францад болж буй иргэдийн эсэргүүцэл хурцадмал байдалд шилжиж, Ерөнхийлөгч Э.Макрон төрийн айлчлалаа хойшлууллаа

Франц улсын Нантерр хотод зургаадугаар сарын 21-ны өдөр Мерседес AMG маркийн автомашинаар үнэмлэхгүй зорчиж явсан залуус хяналт, шалгалтаас цугтах үед цагдаагийн албан хаагч галт зэвсэг ашигласны улмаас 17 настай хүү амиа алдсан хэрэг гарсан юм. 

Энэ явдлыг эсэргүүцсэн тус улсын иргэд Франц улсын хэд хэдэн хот, мужуудад үймээн самуун дэгдээсэн бөгөөд хурцадмал байдал зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэлдээ, "Цагдаа нар ням гаргийн үүрээр буюу өнөөдөр өглөөний байдлаар улсын хэмжээнд 719 хүнийг баривчилсан бөгөөд 45,000 цагдаагийн алба хаагч үймээн самууны үед цугласан олныг хянах зорилгоор ажиллаж байна. Мөн нэг шөнийн дотор 45 цагдаагийн алба хаагч гэмтэж бэртсэн" гэжээ.

Түүнчлэн Парис хотод 2024 оны зуны Олимпийг зохион байгуулахаар бэлтгэж буй энэ үеэр тус жагсаал цуглаан Ерөнхийлөгч Эммануэль Макроны дипломат ажил, айлчлалуудад ихээхэн нөлөөлж байна.

Тухайлбал, тус үймээн самууны улмаас Э.Макрон өнгөрсөн баасан гарагт буюу зургаадугаар сарын 30-ны өдөр товлосон байсан Германд хийх төрийн айлчлалаа хойшлуулахаар шийдсэн гэж Германы ерөнхийлөгчийн газар цахим хуудаснаа мэдэгдсэн байна.

Ийнхүү хурцадмал байдал төдийлөн намжихгүй байгаа бөгөөд зарим иргэд, төрийн албан хаагчид Ерөнхийлөгч Э.Макроныг нэн яаралтай онц байдал зарлах шаардлагатай гэжээ.