ШУУРХАЙ: Монголын 10 гаруй охидыг гадаадад худалдсан гэх 64 настай Сингапур эрийн хэрэг тогтоогдоогүй бөгөөд түүнд хүчиндэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

ШУУРХАЙ: Монголын 10 гаруй охидыг гадаадад худалдсан гэх 64 настай Сингапур эрийн хэрэг тогтоогдоогүй бөгөөд түүнд хүчиндэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

Монгол эмэгтэйчүүдийг хууран мэхлэх замаар худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэн Loh Sien Chi гэх 64 настай эрэгтэйд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Ингэхдээ Монгол Улсын 200 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк, инстаграммаар харилцаж, Монгол Улсын 10 гаруй охид эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдаалсан гэх хэрэг нь тогтоогдоогүй учир түүнд хүчиндэх, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Тодруулбал, БНСАУ-ын иргэн Loh Sien Chi нь БНТУ-ын Истанбул хотод Монгол Улсын иргэн М, Н нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, нүцгэн байхад нь зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, хувь хүний нууцад халдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/, 13.10 дугаар зүйлийн 1 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйлийн 1 /Хувь хүний нууцыг задруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Товчхондоо, Монгол Улсын 10 орчим эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан гэгдэж байсан Сингапур улсын иргэн Loh Sien Chi гэх 64 настай эрэгтэйн эл хэрэг нь тогтоогдоогүй аж.

Харин М, Н гэх хоёр эмэгтэйтэй хүчээр бэлгийн харьцаанд орж, нүцгэн байхад нь зөвшөөрөлгүйгээр бичлэг хийсэн нь тогтоогдсон учир эл хэрэгт нь яллах дүгнэлт үйлдсэн байна. Түүнийг шүүхээс гэм буруутайд тооцвол зорчих эрхийг хязгаарлах ялаас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноох хуулийн заалттай аж. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Монгол эмэгтэйчүүдийг хууран мэхлэх замаар худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэн Loh Sien Chi гэх 64 настай эрэгтэйг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “BKH” гэх зочид буудлаас өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ны өдөр /2022.09.29/ дайчлан баривчилсан байдаг. 

Түүнийг 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан 5 эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас тухайн үед мэдээлж байв. Мөн түүний гадаад улсад жуучилж, худалдаалсан байж болзошгүй монгол охид эмэгтэйчүүдийн тоо мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмэгдэж, 200 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан 10 гаруй эмэгтэйг худалдаалсан байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байсан юм.