ОБЕГ: Суваг шуудуу ухаж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

ОБЕГ: Суваг шуудуу ухаж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, Алтайн өвөр говиор +27...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +12...+14 градус дулаан байна.

Иймд иргэд та бүхэн:

  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах,
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.