“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны III улирлын байдлаар 1.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, жилийн төлөвлөгөөгөө 50 хувиар давуулан биелүүлжээ.

Тус компани энэ онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг олохоор төлөвлөсөн бөгөөд уг төлөвлөгөөгөө 500 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.

Үйлдвэрлэл, борлуулалтын үзүүлэлтийг танилцуулбал, нүүрс олборлолт оны эхний есөн сарын байдлаар 28.6 сая тоннд хүрч, төлөвлөгөөгөө 108 хувиар биелүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 сая тонн буюу 29 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин нүүрсний борлуулалт 28.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.9 сая тонн буюу 48 хувиар нэмэгдсэн байна. Борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрч, төлөвлөгөө 126 хувийн биелэлттэй гарсан бөгөөд өмнөх оны мөн үеэс 68.1 хувиар өсжээ.

Түүнчлэн тус компани улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн нь жилийн төлөвлөгөөний 133 хувьд хүрсэн байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдрийг угтан төрд ногдох ногдол ашгийн өглөгөөс нэг их наяд төгрөг төвлөрүүлжээ.