НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэл энэ сарын 5-10-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байна.
Энэ үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Гантулга арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанд оролцож, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэлжээ.
Тэрбээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энгийн иргэдийг хамгаалах, улс төрийн үйл явцыг дэмжих, тогтвортой энх тайвны нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон байна. Мөн зөрчил мөргөлдөөний шинж чанар улам бүр төвөгтэй болж, аюулгүй байдлын сорилт, улс төр, санхүүгийн хүндрэл нэмэгдэж буй энэ үед энхийг сахиулах ажиллагааны үр нөлөө, уян хатан байдал, хариуцлага, бэлэн байдлыг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.
Монгол Улс 2002 оноос хойш НҮБ болон олон улсын энхийг сахиулах ажиллагаанд 23 мянга гаруй цэргийн алба хаагчаа оролцуулсан байна. Түүнчлэн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулиар дамжуулан энхийг сахиулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлж ирснийг дурджээ. Түүнчлэн Монгол Улс энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоог 2027 он гэхэд 15 хувьд хүргэх зорилтоо хугацаанаас нь өмнө биелүүлснийг онцолсон байна.