Энэ сарын 7-ны Бямба гарагт Краковын хөл хөдөлгөөн ихтэй түүхэн төв талбайд 24 настай Польшийн иргэн Михал О гэгч автомашинаар дайран орж, хууль ёсны зөвшөөрөлтэй хагас автомат винтовоор хүмүүс рүү замбараагүй гал нээсэн байна.
Халдлагын улмаас Польш, Их Британи, Австрийн иргэд болох зургаан хүн газар дээрээ амиа алдаж, хоёр цагдаагийн алба хаагч зэрэг 15-17 хүн шархаджээ. Цагдаа нарт буудуулан хүнд шархадсан халдагч этгээд өнөөдөр 11 дүгээр сарын 9-ний Даваа гараг эмнэлэгт нас барсан байна. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн хэргийг үйлдэхээсээ өмнө 150 км-ийн зайд орших гэртээ өөрийн аав 53 настай, ээж 52 настай, эмэгтэй дүүгээ 21 настай буудан хөнөөсөн байсан нь тогтоогджээ. Цахим орчинд хэт барууны үзэл сурталд автсан, сэтгэцийн тогтворгүй байдалтай байсан гэгдэх халдагчийн үйлдсэн уг хэрэгтэй холбогдуулан Польш улсад хоёр хоногийн үндэсний гашуудал зарлаж, галт зэвсгийн хуулийг чангаруулахаар ажиллаж байгаа аж.