Үндэсний бөхөөр барилдах эрхээ 8  жилээр хасуулсан Э.Оюунболд Хэнтий нутагтаа хурдан морь уяж байна

Үндэсний бөхөөр барилдах эрхээ 8 жилээр хасуулсан Э.Оюунболд Хэнтий нутагтаа хурдан морь уяж байна

Сар шинийн барилдааны дараа авсан сорьцоос допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцох МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал болж, хуралдаанаар Монгол улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг үндсэн дүрэмд заасны дагуу олонхийн шийдвэрээр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Харин энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Допинг илэрсэн талаар Э.Оюунболд Арслан өнөөг хүртэл энэ талаара тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Харин Харцага Ц.Мөнхбаяр, Арслан Б.Өсөхбаяр нар ханиад хатгаа хүртсэн тул эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн хэмээн гэм буруугаа хүлээж, эмчийн бичгээ өгсөн" гэдгийг тодотгоод буй.

Э.Оюунболд Арслангийн хувьд допинг илэрсэн талаараа тайлбар мэдүүлэг өгч, хоёрдахь сорьцын шинжилгээг өгөх боломжтой байсан тэрбээр энэхүү эрхээ эдлээгүй юм. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Оюунболд Арслан "Монголын Үндэсний бөхийн холбоо, Допингийн үндэсний төв өөрийнх нь шинжилгээний хариуг үнэн зөв гаргахгүй" гэж үзсэн учир ийнхүү хариу тайлбар өгөөгүй байж магадгүй байна. Ямартай ч тэрбээр Хэнтий нутагтаа хурдан морь уяж, сойж байгаа гэх мэдээлэл байна.