Лүнгийн автозамын үер буудаг хэсгийг засах 4.8 тэрбум төгрөгийг "Хэмнэлтийн тухай хууль"-ийн дагуу хасжээ

Лүнгийн автозамын үер буудаг хэсгийг засах 4.8 тэрбум төгрөгийг "Хэмнэлтийн тухай хууль"-ийн дагуу хасжээ

Өнгөрсөн амралтын өдөр орсон борооны улмаас Төв аймгийн Лүн сумын дөрвөн хэсэгт үер бууж,  зам эвдэрснээс гадна гурван айлын хашаа нурсан байна. Тус зам нь жил бүр үерт автдаг бөгөөд хэд, хэдэн удаа сэтэрч байсан билээ. Тэгвэл тус замыг хамгаалсан үеийн даланг барихад 4.8 тэрбум төгрөг шаардлагатай аж. 

Төв аймгийн Лүн сумын Засаг дарга С.Даваахүү энэ талаар " 4.8 тэрбумын төсөв хөрөнгө шаардлагатай. 2022 онд Барилга хөгжлийн яам руу шаардлагатай төсөв хөрөнгийн мэдээллийг хүргүүлсэн. Барилгын хөгжлийн яамнаас Сангийн яаманд хүргүүлээд улсын төсөвт суулгахаар байсан ч Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор хассан" гэжээ. 

Энэ жил орон нутгийн замын арчлалтын ажилд зориулж 59 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан байна. Үүний 20 гаруй тэрбумыг ашигласан бөгөөд үлдсэн 30 гаруй тэрбумаар орон нутгийн замыг засахад хүрэлцэхгүй гэдгийг албаныхан онцолсоор байна. Өнгөрсөн амралтын өдөр орсон борооны улмаас Лүн сумын замд үүссэн их хэмжээний шавар, лагийг цэвэрлэх ажил үргэлжилж буй бөгөөд шаардлагатай тоног, төхөөрөмж байхгүй байгаа нь ажлыг удаашруулж байна гэв.