АРХАНГАЙ: 100 жилд зориулсан шуудангийн марк, дугтуй худалдаанд гарлаа

АРХАНГАЙ: 100 жилд зориулсан шуудангийн марк, дугтуй худалдаанд гарлаа

 Архангай аймгийн 100 жилийн ойн босгон дээр аймгийн ЗДТГ-аас “Монгол шуудан” ХК-тай хамтран “Архангай аймаг-100 жил” марк болон дугтуйг гарган, анхны өдрийн нээлтийг Архангай аймагт энэ сарын 1-ний өдөр зохион байгууллаа.

“Архангай аймаг-100 жил” марк, дугтуйны зургийг зураач Б.Баярхүү зуржээ. Маркийг 30х30 хэмжээтэйгээр 20000 ширхэгийг, дугтуйг нийт 1111 ширхэгийг хэвлэсэн бөгөөд маркийг 3000 төгрөгөөр, дугтуйг 8000 төгрөгөөр Монгол шуудангийн бүхий л салбараар худалдаанд гаргасан байна.

Архангай аймаг нь XVII зуунд байгуулагдсан Халхын ууган дөрвөн аймгийн нэг “Сайн ноён хан” аймаг нэртэй 200 гаруй жил болжээ. Ардын засгийн газрын тогтоол шийдвэрээр 1923 онд Цэцэрлэг мандал уулын аймаг нэртэй болж, хорин таван хошуу, тамгатай хутагтын шавь найм, отог дөрөвтэй болсон түүхтэй.

БНМАУ-ын Бага хурлын 1931 оны 02 дугаары сарын 07-ны өдрийн 5 дугаар хурлыг тогтоолоор 5 аймгийг 13 аймаг болгосны нэг нь Архангай аймаг юм. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Архангай аймаг 100 жил” сэдэвт блок маркт Архангайн аймгийн сүлд, чимэглэл хэсэгт 100 жилийн лого, Монгол Улсын Төрийн тахилгат Суварга хайрхан уул, Тэрхийн цагаан нуур, Хорго, Булган уул, Монголын улаан номд орсон хүдэр, Хүннүгийн язгууртны морины гоёл Бэлгэт гөрөөс, нутгийн захиргааны ордон, ахуй байдлыг монгол зургийн аргаар дүрслэн харуулсан байна.Маркийг зохиоход аймгийн ЗДТГ, аймгийн Шуудан үйлчилгээний газар, МУИС-ийн Биологийн тэнхмийн багш доктор, профессор С.Гомбобаатар, Д.Суран нар зөвлөгөө өгч ажиллажээ.