БНСУ-аас Монголыг зорих жуулчид эрс нэмэгдэж, онгоцны тасалбар олдохгүй, амралтын газрууд дүүрсэн талаар Солонгосын хэвлэлүүд онцолжээ

БНСУ-аас Монголыг зорих жуулчид эрс нэмэгдэж, онгоцны тасалбар олдохгүй, амралтын газрууд дүүрсэн талаар Солонгосын хэвлэлүүд онцолжээ

БНСУ-аас Монгол улсыг зорин ирж буй жуулчдын тоо өмнөх жилүүдээс харьцангуй нэмэгдэж, онгоцны билет болон амралтын газруудын захиалга дүүрч байгаа талаар Солонгосын хэвлэлүүд онцолж байна.

Тус хэвлэлд мэдээлснээр, Монголын аялал жуулчлалын салбар энэ зуны халуун сэдэв болоод байгаа аж. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзний эрэлт эрс нэмэгдэж, Солонгос жуулчдын аялал, хийж буй шоу нэвтрүүлгүүд SNS болон өргөн нэвтрүүлгийн сувгуудаар цацагдаж, ялангуяа Z үеийнхний анхаарлыг их татаж байгаа гэнэ.

Мөн нэгэн аялал жуулчлалын сонинд бичиж тэмдэглэснээр "Монгол руу аялах гол шалтгаан нь өргөн уудам тал нутаг болон өргөө цагаан гэр байдаг. Гэвч цаг агаарын нөлөөгөөр Монголд 6-8 дугаар сард зуны улирал тохиодог тул аялахад тохиромжтой цаг хугацаа богино. Иймээс зуны оргил үед уламжлалт гэр, байрлах амралтын газруудын захиалга дүүрч, хүндрэлтэй байгаа. Гэр олдохгүй байгаа тул 7, 8 дугаар сард Монголын ихэнх амралтын байгууллагууд элсэлтээ хааж, цөөхөн хэд нь л хүлээлгийн жагсаалтад орсон” гэж онцлон тэмдэглэжээ.

Монгол Солонгосын нислэгийн хугацаа 3 цаг 30 минут орчим байгаа нь ойрын хэрнээ нүд алдам үзэмж, сэтгэл тэнийх мэдрэмжийг авах боломжтой байдаг гэжээ. 

Сүүлийн үед Монголд хийгдэж буй Соолонгосын томоохон телевизүүдийн шоу нэвтрүүлэгт Монголын үзэсгэлэнт байгалийг харуулж, нүүдлийн мал аж ахуйг олонд таниулж байгаа нь жуулчдыг татахад ихээхэн нөлөөлж байгаа аж. Тухайлбал, MBC телевизийн “I live alone” нэвтрүүлгийн Монгол дахь хэсэг цацагдсаны дараа энэ чиглэлийн нислэгийн захиалга өмнөх үеийнхээс гурав дахин нэмэгдсэн байна.

Иймээс Инчон-Улаанбаатар чиглэлд “Жэжү Эйр” долоо хоногт 4 удаа нислэг үйлддэг байсныг 5 болгож, “Твэй Эйр” долоо хоногт 3 удаа нислэг үйлддэг байсныг 4 болгож нэмэгдүүлсэн бөгөөд Пусан-Улаанбаатар чиглэлд “Эйр Бусан” долоо хоногт гурван, наймдугаар сараас дөрвөн удаа, “Чэжү Эйр” долоо хоногт гурван удаа мөн шинэ нислэг үйлдэхээр болж тус тус нислэгүүд нэмэгдсэн байна. Мөн энэ онд Инчон, Пусан хотоос гадна өөр нисэх онгоцны буудлаас Монгол руу чиглэсэн шинэ чиглэл бий болгох төлөвтэй байгаа гэнэ.