Сэлбэ гол дагуух орон сууцууд усанд автаж, иргэд гэрээсээ гарах боломжгүй болжээ

Сэлбэ гол дагуух орон сууцууд усанд автаж, иргэд гэрээсээ гарах боломжгүй болжээ

Улаанбаатар хотод өчигдрөөс /2023.07.04/ эхлэн орсон үргэлжилсэн борооны улмаас усны түвшин нэмэгдэж, хамгаалалтын далан сэтэрсний улмаас Сэлбэ гол дагуух орон сууцнууд усанд автаж, оршин суугчид шөнөөс эхлэн гэртээ орох боломжгүй болсон бол зарим иргэн гэрээсээ гарах боломжгүй болсон талаар мэдээлж байна.

Тодруулбал, Орон сууцнуудын автомашины граж усанд бүрэн автсан бөгөөд аюулгүй байдлыг хангах зорилгоор орон сууцнуудын эрчим хүчийг түр тасалжээ. 

Иймээс Онцгой байдлын газрынхан газар дээр нь түргэн шуурхай ажиллаж, оршин суугчдыг гэрээс нь гаргах арга хэмжээ авч байгаа бол цагдаа нар аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Түүнчлэн усыг соруулж, автомашинуудыг уснаас гаргаж байгаа аж.

Мөн Туул гол дагуух авто зам нүхэн гарцууд усанд автсан тул Тээврийн цагдаагийн газраас зарим нүхэн гарцуудын хөдөлгөөнийг түр хязгаарласан талаар мэдээллээ.

Тухайлбал, Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн урд талын, “Соёолж” худалдааны төвийн зүүн талын нүхэн гарцуудын хөдөлгөөнийг түр хаасан байна. Нарны замаас Арслантай гүүр хүртэлх Буянгийн зам, Энхтайваны гүүрний баруун урд Петровис шатахуун түгээх станцаас Төв цэнгэлдэхийн баруун хойд тойрог хүртэлх замын хөдөлгөөнийг мөн түр хязгаарлажээ.