Э.Одбаярын "No war" галерейд зорчих эрхийг нээжээ

Э.Одбаярын "No war" галерейд зорчих эрхийг нээжээ

Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас улирал бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр "No war" хөдөлгөөний Э.Одбаяртай холбоотой цахим орчинд гарсан мэдээллийн талаар УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор У.Золжаргал тайлбарлалаа. 

Тэрбээр "Сүүлийн үед ялтан Э.Одбаяртай холбоотой "No war" хөдөлгөөн төв талбай болон ОХУ-ын элчин сайдын яаманд очиход хориглосон, хорих ял оногдуулна гэсэн мэдээлэл гарсан.

Э.Одбаяр нь 2022 оны арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нэр бүхий дөрвөн хүний хамт нэг жилийн хугацаагаар зорчих ялаар шийтгүүлсэн. Энэ үед Э.Одбаяр нь Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд оршин суудаг байсан учир тухайн дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар болсон. 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр шийтгэх тогтоол албан ёсоор хүчин төгөлдөр гарсан. Ийнхүү тухайн сарын 27-ны өдрөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Э.Одбаярт шийдвэр гүйцэтгэлийн ажлыг эхлүүлж цахим гав зүүлгэсэн. Ял эдлэх хугацаанд Э.Одбаяр өөрийн оршин суух  хороонд нэг жилийн хугацаанд түрээсийн орон сууцанд амьдарч байсан.

Гэтэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух шаардлагатай боллоо. Мөн миний гурван хүүхэд Хан-Уул дүүрэгт байрлах сургуульд суралцдаг. Зуны хугацаанд нэмэлтээр сургалтад хамрагдах шаардлагатай байна. Тиймээс анх шүүхээс оногдуулсан бүсэд ял эдлэх боломжгүй байна гэсэн хүсэлтийг гаргасан. 

Тус хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага Э.Одбаярын хүсэлтийг шалгаж үзээд харьяа бүсийг өөрчлөх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Энэ саналыг прокурорын байгууллага хянаж үзээд түүний зорчих эрхийг анх оногдуулсан нутаг дэвсгэрээс өөрчилж Хан-Уул дүүргийн дэвсгэрт ялыг эдлүүлэхээр болсон. Мөн түүний ажиллах эрхийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "No war" галерейд зорчих боломжийг нь нээж өгсөн. Гэтэл цахим орчинд гарсан "түүний зорчих эрхийг үндэслэлгүйгээр өөрчилж байна" гэх мэдээлэл худлаа" гэв.