ШУУРХАЙ: Шинэ жилийн баярын үдэшлэгийн үеэр нэгнээ хөнөөсөн монголын иргэнд Солонгосын шүүхээс 13 жилийн ял оноожээ

ШУУРХАЙ: Шинэ жилийн баярын үдэшлэгийн үеэр нэгнээ хөнөөсөн монголын иргэнд Солонгосын шүүхээс 13 жилийн ял оноожээ

Энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдөр /2023.01.02/ БНСУ-ын Кёнгидо дахь Почон хотын цагдаагийн газраас 50 гаруй насны монгол залууг хүний амь нас хөнөөсөн хэргээр баривчилсан талаар бид өмнө мэдээлж байсан билээ. ЭНД ДАРЖ харна уу.

Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр /2022.12.31/ Солонгос дах Монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр танилцсан Монгол Улсын иргэн 50 гаруй настай А, 30 гаруй настай Б нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар сэжигтэн А нь өөрийг нь үл тоомсорлож байна хэмээн 2023 оны нэгдүгээр сарын 01-нд шилжих шөнө хохирогч Б-г унтаж байхад нь хөнөөсөн хэрэг гарсан. Тухайн үед хохирогч Б нь шинэ жилийн баярын үдэшлэгийн дараа өөрийн ажилладаг байгууллагын ажилчдын дотуур байранд эхнэрийн хамт унтаж байсан бөгөөд тус улсад албан ёсны оршин суух зөвшөөрөлтэй байжээ.

Харин сэжигтэн А нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бөгөөд өөрийг нь үл тоомсорлож байна хэмээн ажилчдын дотуур байр руу нь дагаж гэмт хэргээ үйлдсэн байж болзошгүй гэж байсан юм.

Тэгвэл энэ хэргийн дагуу өнгөрөгч сарын 07-ны өдөр /2023.06.07/ БНСУ-ын прокуророос шүүгдэгч Монгол Улсын иргэн А-д 20 жилийн хорих ял оноох хүсэлтийг шүүхэд гаргаж байсан ч тус улсын Уйжонбү дүүргийн шүүхээс 50 гаруй насны монгол залууд хүний амь нас хөнөөсөн хэргээр 13 жилийн хорих ял оноосон талаар мэдээллээ. 

Сануулахад, Сүүлийн саруудад БНСУ-д оршин сууж буй гаднын иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихсэж буйтай холбогдуулан тус улсын Хууль зүйн яамнаас хууль бусаар ажиллаж, Солонгос Улсад оршин сууж буй иргэдийн албадан баривчилах, нутаг буцаах үйл ажиллагааг эрчимжүүлж өнгөрсөн зургаадугаар сард шалгалтын үйл ажиллагааг эрчимчүүлж эхэлсэн. Ингэхдээ цагын ажил хийх зөвшөөрөлгүй оюутан, суралцагчид болон оршин суух хугацаа хэтрүүлсэн иргэд, аялах явцдаа ажил хийж байсан иргэд гэхчлэн ажил хийх зөвшөөрөлгүй иргэдийг баривчилж албадан нутаг буцааж байгаа юм.