СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сунгааны үеэр мориноос унаж хүнд гэмтсэн долоон настай хүү хамгаалалтын хувцасгүй, нас нь болоогүй тул хурдан морь унах нь хуулиар хориотой байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сунгааны үеэр мориноос унаж хүнд гэмтсэн долоон настай хүү хамгаалалтын хувцасгүй, нас нь болоогүй тул хурдан морь унах нь хуулиар хориотой байжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд болсон хурдан морины сунгааны үеэр долоон настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтсэн. Улмаар унаач хүүгийн хэд хэдэн хавирга хугарсан бөгөөд одоогоор тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл бид уг ослын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад  “Цагдаагийн байгууллагад 2023 оны долоодугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар баг, Билэх гэх газраас “Аймгийн нэгдсэн эмнэлэгт мориноос унасан хүүхэд хүргэгдэж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас энэ хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд суух 7 настай, эрэгтэй хүүхэд мориноос унаж гэмтсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.

Харин хурдан морины сунгааны үеэр болсон явдлын талаар албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээр, “Сүхбаатар сумын нутагт болсон морины сунгаанд тус сумын уяачдын 20 гаруй морь уралдсан. Ингэхдээ уралдаанаар 10 гаруй машин дагаж явсан. Мөн мориноос унасан долоон настай хүү ямар ч хамгаалалтын хувцасгүй гэрийнхээ морийг унаж яваа хүүхэд байсан. Хэд хэдэн хавирга нь хугарч хүнд гэмтэл авсны улмаас одоогоор Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа” гэлээ. Уг мэдээллийг тухайн үед морио уралдуулж байсан сунгааг үзэхээр очсон иргэд мөн баталж байгаа юм.

Бидний олсон мэдээллээр дээрх сунгааны үеэр  хэд хэдэн хууль, дүрэм зөрчиж уяачдын сахилга батын чандлан баримтлаагүйгээс үүдэж осол гарч, хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байна. Наадам ч бай, сунгаа ч бай морь уралдаж буй тохиолд Монголын хурдан морины уралдааны дүрэмд заасан “Уяачийн үүрэг” гэж бий.

Үүнд:  

  • 6. Хурдан морийг 7 ба түүнээс дээш насны, морь унаж уралдах дадал сурсан, эрүүл чийрэг хүүхдээр унуулах, сургаж дадлагажуулах, бэлдэх
  • 7. Хурдан морь уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах
  • 8. Хурдан морины эмээл, олом, жирэм, угсаа, дөрөөн сур, хазаарын жолоо, хэрэглэлийг сайн бөхөлж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, стандартын хамгаалалтын хувцсыг заавал өмсүүлэх хэмээн тус тус заасан байдаг.

Иймд долоо хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулах нь хуулиар хориотой энэ үед эцэг эхийг зөвшөөрөлгүй, өөрийн хүүхдээ дур мэдэн хамгаалалт бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, харгалзан үзэлгүй хурдан морь унуулж байгаагаас үүдэж хүүхэд хохирох тохиолдол нэмэгдсээр байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн 13 сумын уяачдын төлөөлөл, Цагдаагийн газар, ГБХЗХГ-ын удирдлагуудтай зөвлөлдөн хурдан морины уралдааныг олон тооны машин дагуулахгүй байх буюу зайлшгүй шаардлагатай машинаас бусдыг морь дагуулахгүй байх. Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж иж бүрэн хамгаалах хувцсыг нь өмсүүлж хэвших уриалгыг гаргасан билээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Гэтэл ердөө долоо хоногийн дараа тус аймгийн уяач нар уг уриалгаа баримтлаагүй нь нэгэндээ шаардлага тавих, хамгийн гол нь унаач хүүхдэд анхаарал хандуулах зүйл байхгүй. Хэт хэнэггүй байгаагаас үүдэж хуулийг уяач дур мэдэн зөрчиж, хохирогч нь унаач хүүхэд болж буй юм.

Сануулахад, Дээрх сунгаанд оролцож, мориноос унасны улмаас хүнд гэмтэл авсан хүүхэд албан бус эх сурвалжууд “хамгаалалтын хувцасгүй байсан” гэдгийг хэлж байгаа. Иймд ЦЕГ болон Хүүхэд хөгжлийн төвөөс унаач хүүхдийн хамгаалалтын хувцсыг бүрэн өмсгөхийг уриалж, Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандарт шаардлагад нийцсэн,

  • ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ХАМГААЛАЛТЫН ХАНТААЗ нь их биеийг доргилт, бэртлээс хамгаална,
  • ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ХАМГААЛАЛТЫН МАЛГАЙ нь толгойн доргилт бэртлээс хамгаалж, нүдний шил нь уралдаанч хүүхдийн нүүр нүдийг гэмтэхээс сэргийлнэ,
  • ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ХАМГААЛАЛТЫН ӨВДӨГ, ТОХОЙВЧ нь хатуу биет дээр унахад цохилтыг хүчийг сааруулдаг байна. 

Тиймээс унаач хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсүүлж, хүүхдэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.