Н.Батсүмбэрэл: Зуслангийн айлуудын цахилгааныг салгаж, зарим иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Н.Батсүмбэрэл: Зуслангийн айлуудын цахилгааныг салгаж, зарим иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд холбогдох арга хэмжээг аван ажиллаж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх зуслангийн бүсийн нөхцөл байдал хүндэрч, байшин урсах, цахилгааны шон унах зэрэг эрсдэл үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлэхдээ,

"Зуслангийн бүсэд Сэлбэ голын орчимд уулын ус бууж, голын далан сэтэрч ус эргээ хальсан тул голтой ойролцоох айлууд усанд автах, цахилгаан дамжуулах шугам, гэрэлтүүлгийн шонгууд унаж усаар цахилгаан дамжих эрсдэл үүссэн. Тиймээс айлуудын цахилгааныг салгах, үерийн даланг хүчитгэх, айл өрхөд сэрэмжлүүлэг өгөх, зарим иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна. Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс, дүүргийн ЗДТГ болон бусад холбогдох байгууллагын нийт 200 гаруй алба хаагч 40 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан эзэнгүй байшин сууц цөөнгүй байгаа тул хулгай болон бусад гэмт хэрэг гарахаас сэргийлэн цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Устай ойрхон байгаа бол нүүх, эсвэл өөрт хэрэгтэй зүйлсээ аваад өөр аюулгүй газар очих, хүүхдүүддээ хараа хяналт сайн тавих, усаар дамжсан цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна" гэлээ.