ШУУРХАЙ: БЗС-гийн дарга Д.Гардийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, хилээр гарахыг нь хязгаарлав

ШУУРХАЙ: БЗС-гийн дарга Д.Гардийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, хилээр гарахыг нь хязгаарлав

Олны анхаарлын төвд буй Боловсролын зээлийн сан (БЗС)-гаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор УЕПГ-аас ажлын хэсгийг байгуулаад буй билээ.

АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан уг ажлын хэсгийнхэн шалгалтаа үргэлжлүүлж, зарим хүнийг яллагдагчаар татаад байгаа аж. Мөрдөгчид 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 суралцагчид олгосон 230.1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, мөн улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн, үгүй, албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашигласан, эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан уу гэдгийг тогтоохоор шалгалт явуулж буйг НПГ-ын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал өнгөрсөн лхагва гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн.

Тэгвэл АТГ, ЭЦА-ны мөрдөгчдийн гаргасан, БЗС-гийн ажлын албаны дарга Д.Гардийг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг НПГ-аас шүүхэд хүргүүлснийг өчигдөр /2023.07.06/ хэлэлцэн шийдвэрлэлээ.

Түүнд шүүхээс БШУЯ-ны харьяа БЗС-гийн ажлын албаны даргын албан тушаалыг эрхлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Д.Гарди 2022 оны дөрвөөс зургадугаар сард өөртөө 1.5 сая гаруй төгрөгийн урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж авсан. ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт зээлээр суралцсан бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 32 мянган ам.долларын зээлээ чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан үндэслэлээр мөн оны наймдугаар сард хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Улмаар яллагдагчаар татах тогтоол батлан танилцуулж, ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Түүнчлэн БЗС-гийн захирлаар ажиллаж байсан, 2008 онд Австралийн Сиднейн их сургуульд сурахаар тус сангаас 47 010 ам.долларын зээл авсан П.Лхагвасүрэнгийн хууль зөрчсөн үйлдлүүдийг ажлын хэсгийнхэн нарийвчлан шалгасаар буй аж.