У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн байгууллагынханд үүрэг өглөө

У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн байгууллагынханд үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг өглөө.

Ерөнхийлөгч Улсын онцгой комиссоос тогтмол мэдээлэл авч байгаа учир авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгоход хүч нэмэн ажиллаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, алба хаагчид цаашид анхаарах зүйлсийн талаар үүрэг, чиглэл өгсөн байна.

Юуны өмнө хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах, сэтэрсэн даланг сэргээн засварлах, хүчитгэх, гудамж, зам, талбай, орон сууц, барилга, байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийхийг үүрэг болголоо.

Мөн цахилгаан станц зэрэг улсын онцгой обьект үер, усны аюулд өртөхөөс сэргийлэх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг авран хамгаалах зэрэг чиглэлээр улам эрчимтэй үйл ажиллагаа явуулж, үерт өртөж орон гэргүй болсон иргэд, ялангуяа өндөр настан, жирэмсэн эх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг тус тусын шугамаар тухай бүр шуурхай үзүүлж байхыг онцлон дурдсан байна.

Түүнчлэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэдэд бүх сувгаар хүргэж байхыг санууллаа.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө