Нийслэлийн 20 орчим мянган хэрэглэгч эрчим хүчгүй байгаа бөгөөд 100 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ

Нийслэлийн 20 орчим мянган хэрэглэгч эрчим хүчгүй байгаа бөгөөд 100 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ

Туул, Сэлбэ, Дунд голын ус эргээ халин ойр орчмын барилгуудад нэвтэрсэн тул болзошгүй эрсдлээс сэргийлж төвийн зургаан дүүргийн 52 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааныг түр тасалсан.

Үүнээс СБД-ийн 14, 15, 17, 19 дүгээр хороо-Салхит, Дамбадаржаа, Шаргаморьт, ЧД-ийн 18, 19 дүгээр хороо-Шадивлан, Жигжид, Доод салхит, БЗД-ийн 21, 27 дугаар хороо-Дарь-Эх, Ганц худаг орчмын 32 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээсэн байна.

Одоогоор 20 орчим мянган хэрэглэгч эрчим хүчгүй байгаа бөгөөд 100 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.

ЧД-ийн 53, СБД-ийн 52 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд шилжүүлэх шаардлагатай айл өрх ЧД-т 90 гаруй, СБД-т 17, СХД-т 20 байна.

Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байгаа бөгөөд Туул голын усны түвшин нэмэгдсэн учир том оврын 100 автомашинаар элс, хайрга татан, Хан-Хилс, Ривер гарден орчмын газарт 250 урт метр даланг нөхөн сэргээх бэлтгэлээ хангажээ. Мөн үерийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөг зарцуулаад байгаа талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдлээ.