УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс 6 жилийн хорих ял оноосон ч түүнийг хориогүй аж

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс 6 жилийн хорих ял оноосон ч түүнийг хориогүй аж

Хөгжлийн банкны гэх хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр /2023.07.07/ дуусаж, гэм буруутай хүмүүст шүүхээс ял оноосон билээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6 жил хорих ял оноосон. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн үндэслэлээр дээрх ялыг оноожээ.  

Тэгвэл шүүхээс 6 жилийн хорих ял оноосон Ё.Баатарбилэгийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй учир түүнийг шууд хориогүй  аж. 

УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Мөн тус хуулийн 10.3-т гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно гэж тус, тус заажээ. 

Товчхондоо, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг шүүх хурлаас өмнө түдгэлүүлээгүй учир түүнийг шууд хорих боломжгүй аж. Харин шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар илээр санал хурааж, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх юм.

Харин Ё.Баатарбилэг гишүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл эл хэрэг магадгүй гурван шатны шүүхээр орж, эцэслэгдсэний дараа шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох учиртай. Энэ үед Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал яригдах юм. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүхийн энэхүү процесс үргэлжлэх хугацаанд Ё.Баатарбилэг гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж ч магадгүй байгаа аж.