Ө.Отгон-Эрдэнэ: Нохой асар их ухаантайгаас гадна маш өндөр сонор сэрэмжтэй амьтан тул хилийн бүсэд ажиллахад тун тохиромжтой /ВИДЕО/

Ө.Отгон-Эрдэнэ: Нохой асар их ухаантайгаас гадна маш өндөр сонор сэрэмжтэй амьтан тул хилийн бүсэд ажиллахад тун тохиромжтой /ВИДЕО/

Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян гэж Зундуйн Дорж гуай шүлэглэн хэлсэн байдаг. Эх орны минь аюулгүй, амар тайван байгаад хил хамгаалагчдийн үүрэг оролцоо юунаас ч илүү чухал.

Эх орны дархан хилийг амар тайван байлгаж, аливаа аюул зөрчлөөс ард иргэд, эх орноо авран хамгаалж байдаг хил хамгаалах байгууллагын хилчин нохдыг бид энэ удаагийн сурвалжилгаараа онцоллоо.

Нохой асар их ухаантайгаас гадна маш өндөр сонор сэрэмжтэй амьтан тул хил дээр хэрхэн ажиллаж, үүрэг гүйцэтгэдэг вэ гэдэг нь нэлээд сонирхолтой. Тиймээс бид энэ талаар Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хилийн 0338 дугаар салбарын ахлах шалгагч, ахлах дэслэгч Ө.Отгон-Эрдэнэтэй сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрбээр хил хамгаалагч нохойнуудын онцлог давуу талуудыг дурдахаас гадна нохой сургагч, сонирхогч иргэдэд маш хэрэгтэй бөгөөд сонирхолтой зөвлөгөө мэдээллийг хүргэсэн юм. Ингээд ярилцлыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

- Юуны өмнө эх орныхоо дархан хэлийг манаж буй онцгой үүрэг гүйцэтгэж байгаа танай хамт олонд талархал илэрхийлье. Хилийн цэргийн байгууллага хэзээнээс хойш нохой сургаж эхэлсэн бэ? Мөн нохой хил хамгаалахад хэр зохимжтой амьтан бэ?

Манай байгууллага 2021 оноос хойш хоёр жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нохой бол оюуны потеинциал өндөртэй, аливаа зүйлийг маш хурдан сурдгаараа онцлог давуу талтай. Мөн байгалаас заяагдмал маш өндөр сонор сэрэмжтэй амьтан тул хил хамгаалах үүрэг гүйцэтгэхэд хамгийн тохиормжтой гэж үздэг.

- Хил хамгаалах үүрэг гүйцэтгэгч бүх нохой адил үүрэг, чиглэлтэй байдаггүй байх. Үүрэг чиглэлийнх нь дагуу хэрхэн сургадаг вэ?

Манай хил хамгаалах байгууллагын нохойнууд эрлийн, харуул хамгаалалтын болон тусгай ажиллагааны гэсэн чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг.

Хилийн эрлийн нохой нь нүдэнд үл үзэгдэх мөрийг үнэрээр нь олж илрүүлдэг. Мөн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд бараа тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг саатуулах, галт тэрэг мөн автомашинд шалгалтын үйл ажиллагаа явуулахад үүрэг гүйцэтгэдэг.

Харин тусгай ажиллагааны нохойнууд нь хил зөрчигчийг саатуулах, хөөн барих, ханцуйнаас зуулт үүргийг гүйцэтгэдэг бол харуул манаач нохойнуудуд маань онцгой обьектийг, бараа материалыг шаардлагатай тохиолдолд хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.

- Нохойтой хамт үүрэг гүйцэтгэх юугаараа өөр байдаг бол? Хилчин цэргүүдэд маш их тус дэмтэй байдаг байх тийм үү?

Мэдээж тэгэлгүй яах вэ. Хилийн бүсэд нохойтой хамт үүрэг гүйцэтгэж буй хилчин маш олон төрлийн давуу талтай. Тухайлбал хилчин цэргийн сонор сэрэмж маш өндөр болдог. Учир нь албаны нохойны биеийн хэлэмж хилчинд бүх төрлийн зүйлийг хэлж өгдөг. Нохойны сонсох чадвар маш өндөр байдаг тул хүний сонсоогүй дуу чимээг сонсож биеийн хэлэмжээр хүнд ойлгуулдаг. Мөн хүний нөлөөнөөс үл хамаарах байгалийн аюулт үзэгдэл болсон тохиолдолд албаны ноходууд маш олон цагийн өмнө мэдэрдэг. Түүгээрээ давуу талтай. Үүрэг гүйцэтгэгч нохойнууд хилчдэд маш ханьтай байдаг бөгөөд хил хамгаалахаас гадна тухайн хилчнээ хамгаалж байдаг даа.

- Нохойг хэрхэн сургаж, хилчин дайчин болгодог вэ? 

Албаны нохойг сургадаг чиглэл нь ерөнхий команд, хэрэглэл, сонгон хооллолт, мөрөнд, тусгай ажиллагааны чиглэлээр сургадаг. Ерөнхий команд нь хэвт суу мөлх зэрэг ерөнхий команд ордог. Харин мөрийг таниулдаг болгохын 5-10 км газар нохойныхоо дадлага сургуулилтыг хийлгүүлдэг. Сонгон хооллоолтын төрлүүдэд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүнүүдээс оруулж нохойгоо сургаж дадлагажуулдаг. Харин тусгай ажиллагааны сургалт маань хөөн барилт, ханцуйтай зуулт гэсэн ерөнхий чиглэлтэй. Хэрэглэлт сургалт маань албанд үүрэг гүйцэтгэгч нохойнуудын бартаат зам туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой байдаг.

- Нохойг сургахдаа анхаарах зүйл юу байна? Тухайн нохойны зан байдалд тохируулж, сургах арга барилаа тодорхойлдог гэж сонссон?

Нохойг сургахдаа огт зодож болохгүй. Бага зэрэг чанга дуугарч болно. Учир нь нохойнууд хэтэрхий их өвдөлтийг мэдрэхээр алдаа гаргаад байдаг.

Тухайлбал үйл ажиллагааны явцад шээх, дальдчих, зангадаг болох зэрэг алдааг гаргадаг. Мөн хүн рүү дайрахаа больчихдог. Тиймээс нохойг огт зодож болохгүй. Аль болох дуртай зүйлээр нь сургах хэрэгтэй. Хоолонд дуртай бол хоолоор нь, тоглоомонд дуртай бол тоглоомоор нь абитетийг нь хөдөлгөж сургадаг. Мөн нохойныхоо зан төлөвт маш сайн тааруулж харьцаж, сургана. Хүн рүү их дайрдаг бол тэр занг нь дарж, эсвэл дайрдаггүй бол хорслыг нь төрүүлэх зэрэг болно. Энэ мэтчилэн олон аргууд бий.

- Нохойнуудын гол онцлог юу байдаг бол? Тэр тусмаа хил хамгаалагч нохойнуудын онцлог чанар юу вэ?

Нохой бүр харилцан адилгүй. Өөрсдийн үүлдрээс хамаараад тохирсон давуу талтай байдаг. Нийтлэг зан чанар гэвэл нохой маш сайн сонсголтой, хурц хараатай мөн маш сайн үнэрлэх чадвартай байдаг. Тэр тусмаа хил хамгаалах байгууллагад сургасан нохойнууд маань олон давуу талтай. Маш олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг. Мөн байгалийн хатуу ширүүн нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвар өндөр байдгаараа онцлог байдаг даа.