Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадам ёслол төгөлдөр эхэлж байна.
ВИДЕО:
Улсын баяр наадмын сүр хүч, цог золбоо, бахархал болсон нэгэн арга хэмжээ нь есөн хөлт цагаан тугийг залах ёслол байдаг билээ. Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид гүйцэтгэдэг.
Тэгвэл цэргийн алба хаагчид болон эр хоёр загал, эрдэнийн найман шарга морь, түүнийг хамгаалан явдаг 22 бараан морины бэлтгэл бүрэн хангагджээ. isee.mn мэдээллийн сайт энэ удаад Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолд оролцдог 22 бараан морь, торгон цэргүүдийг онцолж байна.
Тэд өнгөрөгч зургаадугаар сарын нэгний өдрөөс бэлтгэлдээ гарсан бөгөөд энэ жил морьдын зүсийг ижилсүүлэхээр нэлээд олон шинэ морь сургаж, жагсаалд оролцуулж байгаа гэдгээрээ онцлог аж. Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолд олон жил оролцсон морьд шинэ морьдодоо түшигтэй, бэлтгэл сургуулилт хийхэд төхөм болдог талаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Морин салаан дарга Х.Бямбадорж өгүүлж байлаа. Мөн тэрбээр "Их тугчийн унадаг бор морь анх сэлгээнд гурван жил байж байгаад гурван жилийн өмнөөс ёслолд үүрэг гүйцэтгэх болсон. Мөн бараан морьд дотроос хоёр морь 14 жил үүрэг гүйцэтгэж байгаа бол арван бараан морь нь энэ жил анх удаа Төрийн ёслолд оролцох гэж байна" гэсэн юм.
Төрийн ёслолын журамд Есөн хөлт цагаан тугийг залах ёслолд оролцох морьдын зүсийг "Хоёр загал морь, найман шарга морь, хээр болон хүрэн зүсмийн 22 морь байна" гэж заасан байдаг аж. Тиймээс энэ жил морьдын зүсийг ижилсүүлэхэд ихээхэн анхаарч ажилласан байна. Шинэ морьдыг албанд сургахын тулд үлээвэр найрал хөгжмийн аянд бэлтгэл сургуулилт хийж байгаа бөгөөд элдэв зүйлээс үргэж, бусгахгүй байхад анхаарч, овор хэмжээ ихтэй давуу, цаас зэрэг дээгүүр гаргаж, номхруулж дасгадаг аж. Мөн нэгийн цуваанаас гурвын цуваа руу шилжих, хатируулах зэрэг командыг төвөггүй биелүүлэхэд морьдыг сургажээ. Үлээвэр найрал хөгжмийн аянд Төрийн хонжингийн командаар бэлтгэлээ хангаж буй тэднийг хараад омогшил, бахархал төрж байсныг нуух юун.
Есөн хөлт цагаан тугийг хамгаалан явах Торгон цэргийн алба хаагчдын нэлээдгүй нь хугацаат цэргийн алба хаагчид. Тэд цэргийн албанд татагдан ирээд Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолд оролцох хүндэт үүргийг гүйцэтгэх гэж байгаадаа баярлаж, басхүү бахархаж, зарим нь өөртөө ч итгэхгүй баярлаж байна гэдгээ хэлж байв.
Харин хоёр дахь жилдээ Төрийн Хонжин хийж буй Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа, Төрийн хонжин М.Болдбаатар "Би хоёр дахь удаагаа Төрийн хонжингийн хувиар төрийн ёслолыг удирдах гэж байна. Төрийн ёслол учир маш хариуцлагатай. Тиймээс цэргүүд болоод морьдынхоо бэлтгэлийг бүрэн базааж, бэлтгэл сургуулилтаа хийж байна" гэдгийг онцолсон. Мөн тэрбээр "Есөн хөлт цагаан тугаа Төв цэнгэлдэх хүрээлэнд залаад буцаад Төрийн ордонд залах хүртэл байнгын түгшүүртэй байдаг" гэдгээ ч биднээс нуугаагүй.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид маргааш буюу долдугаар сарын 11-ний өдөр Төрийн есөн хөлт цагаан тугаа ёслол хүндэтгэлтэйгээр зална.