Г.Ганхуяг: Хөдөөгөөс хүүгээ дэмжихээр ирсэн аав, ээжийнхээ нүдэн дээр Улсын харцага цол хүртэж буйдаа маш их баяртай байна /ВИДЕО/

Г.Ганхуяг: Хөдөөгөөс хүүгээ дэмжихээр ирсэн аав, ээжийнхээ нүдэн дээр Улсын харцага цол хүртэж буйдаа маш их баяртай байна /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас улсын арслан нэг, улсын гарьд нэг, улсын хоёр харцага, улсын гурван начин төрсөн юм.

Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуяг, улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж, улсын харцага цолны болзол хангасан. Тэрбээр дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулснаар улсын харцага болсон билээ. Иймд бид түүнээс харцага цолоо гардан авсан баярт мөчид сэтгэгдлийн сонсож, ярилцлаа.

ВИДЕО: 

Монгол Улсын харцага Г.Ганхуяг “Монгол Улсын харцага цол хүртсэндээ маш их баяртай байна. Төрүүлж өсгөсөн ээж аав болон багш нартаа баярлалаа. Хайртай шүү. Бага насаа Ховд аймгийн Булган суманд мал маллааж жирийн монгол хүүгийн замналаар л өнгөрүүлсэн. Манай ээж аав хөдөө байдаг. Мал маллаж амьдардаг. Миний хувьд 2014 онд арван жилээ төгсөж хотод ирээд 2015 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Мягмаржав багшийнхаа удирдлага дор хичээллэсэн. Одоо шигшээ багтай хамтран бэлтгэл хийж байна. Энэ жилийн бэлтгэл сургуулилт ер нь сайн байсан. Ноднин Улсын аварга болсон болохоор нэлээд жин хассан тиймхэн байсан. Энэ жил улсын аварга эрт болсон болохоор жингээ тавиад зорилго тавьж сайхан бэлдсэн. Цаашид өндөр цолонд хүрнэ гэсэн зорилготой зургаадугаар сард Сүүж уул руу бэлтгэлд гарсан. Сэтгэл санаа бол ер нь тайван. Хийх ёстой мэхнүүдээ хийе л гэж бодсон. Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Яг өнөөдөр бас намайг дэмжихээр ирээд сууж байна. Мөн Ховд аймгийн Булган сумын Торгуудын ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлье” гэлээ.