Ц.Содномдорж: Г.Жамбалдоржоо ахын дүү ингэж худлаа ярьж болохгүй, би өдий хүрэхдээ чамаас тэгж нэг даваа авахдаа арай тулаагүй шүү

Ц.Содномдорж: Г.Жамбалдоржоо ахын дүү ингэж худлаа ярьж болохгүй, би өдий хүрэхдээ чамаас тэгж нэг даваа авахдаа арай тулаагүй шүү

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдэж, долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьт идэвхгүй барилдсан гэх шалтгаанаар тахимаа өгсөн Улсын арслан Ц.Содномдорж өөрийн сошиал хуудсаар тайлбар хийлээ.

Тэрбээр "Энэ жил би дөрвийн даваанд Баянхонгор аймгийн харьяат, аймгийн арслан Г.Жамбалдоржтой оноолтоор таарч барилдсан. Г.Жамбалдорж сайхан залуу байна лээ, сайн ч цолонд хүрэх байх.

Гэхдээ миний дүү хэн нэгний явуулгаар ч юм уу худал ярьж болохгүй шүү. Үнэн гэж байдаг юм.

Би барилдааныхаа бүх процессыг хэлье. Барилдаанд чи намайг 3-4 удаа сэрвүү барьцнаас түрж гаргасан. Энэ үед ухарч гараад байна гэж надад сануулга өгсөн. За гээд хүлээж авсан. Цаг болж, элэг бүс сэнжиг авсан. Энэ барилдаанаас чи намайг мөн хоёр удаа түлхэж гаргасан. Бас л намайг ухарч гарлаа гэж сануулсан. Энэ сануулгыг хэд дэх минутад өгснийг сайн санахгүй байна, хорин хэд дэх минут болов уу. Ингээд золгооны барьцанд хүрсэн. Золгооны барьцанд хүрэхэд анх идэвх авснаар нь Г.Жамбалдоржийн талаар золгоно гэсэн. Г.Жамбалдорж өөрөө баруун золгоё гэхэд баруун золгож барилдсан. Барилдаж эхэлснээс хойш баруун золгооны барьц задарсан. Ингэж явсаар миний нэг барьц салаагүй байхад "Ах аа, хоёулаа барьцаа задлах уу" гэсэн. Ээлжилж баруун, зүүн дан золгосон. Улмаар энэ барилдааныг шинэ дүрмийн барьцанд шилжүүлсэн. Энэ үед барьц салгая гэж чи юу ч яриагүй, хэлээгүй. Алсын сүвээний барьц аваад өргөхөд чи "Болоогүй байсан ш дээ" гэж орилсон. Давчаад, буцаж ирээд та барьцаа задалсан байсан гэж хэлсэн. Барьц тавьсан нь чиний буруу. Хоёрт, чи барьцаа тавьсан бол "Барьцаа салгая" гэж хэлсэн бол би салгах байсан.

Би чамд нэг ч удаа барьцаа салгая гэж хэлээгүй шүү.

Чи өчигдөр ярихдаа, "Ц.Содномдорж арслан намайг барьцаа тавья гэчихээд унагаасан" гэж байсан. Г.Жамбалдорж оо, ингэж худлаа ярьж, олон нийтийг талцуулж болохгүй шүү. Бид хоёр харгүй сайхан барилдсан. Миний алдаа бол чамайг "Барьц салъя" гэхэд "За" гээд салж байсан нь миний буруу болж. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ үнэн мөнийг шүүнэ. Ингэж ор үндэсгүй юм ярьж болохгүй. Би өдий хүрэхдээ чамаас тэгж нэг даваа авах дээрээ арай тулаагүй шүү" гэлээ.