Архангайхан 100 жилийн ойн баяраараа буюу энэ сарын 27-ны өдөр Улсын арслан М.Бадарчид хүндэтгэл үзүүлнэ

Архангайхан 100 жилийн ойн баяраараа буюу энэ сарын 27-ны өдөр Улсын арслан М.Бадарчид хүндэтгэл үзүүлнэ

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат "Алдар" спорт хороо "Нутгийн буян" компанийн бөх М.Бадарч ес давж түрүүлэн Улсын арслан цол хүртсэн. 

Тэгвэл түүнд хүндэтгэл үзүүлэх ёслол энэ сарын 27-ны өдөр /2023.07.27/ Архангай аймгийн Цэцэрлэг хотод болох аж. 

Учир нь тус өдөр Архангай аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр тохиож буй юм. Тиймээс нутгийн зөвлөл, "Бөх билэгт дэвжээ"-ний хамт олны зүгээс тус баярын өдөр шинэхэн арслангаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Угтаа бол жил бүрийн долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоо худагт түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг нутгийнхан нь хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулдаг. Харин архангайнхан тэгш ойгоороо Улсын арслан М.Бадарчдаа хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөсөн учраас өчигдөр /2023.07.15/ Хүй долоо худагт хүлээн аваагүй байна.