Үндэсний бөхийг идэвхээр хасдаг дүрмийг өөрчлөх хүсэлтийг МҮБХ-ноос Засгийн газарт хүргүүлнэ

Үндэсний бөхийг идэвхээр хасдаг дүрмийг өөрчлөх хүсэлтийг МҮБХ-ноос Засгийн газарт хүргүүлнэ

Энэ сарын 5-нд Засгийн газрын баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлт наадамчин олны дургүйцлийг хүргэсэн. 

Тодруулбал, тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтууд орсон юм.

  •  Барьцгүй барилдаан – 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.)
  •  Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан – 20 минут. (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)
  •  Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
  •  Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ.
  • Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.

Уг заалт нь бөхчүүд болон наадамчин олны эсэргүүцэлтэй тулгарч, бухимдлыг төрүүлсэн нь долоогийн давааны Улсын арслан Ц.Содномдорж, Даян аварга Н.Батсуурь нарын барилдаанаас ил болсон. 

Тэгвэл олон нийтийг талцуулаад буй уг асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоо Засгийн газарт хандана гэдгийг тус холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдэв.

Тодруулбал, тэрбээр "Үндэсний их баяр наадмыг Үндэсний бөхийн салбар хороо, баяр наадмыг зохион байгуулах хороонууд хамтарч зохион байгуулдаг. Манай холбооноос ийм асуудал үүснэ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн төрийн гурван өндөрлөгт хүртэл хандаж байсан. Энэ дүрмийн өөрчлөлт бол хайнга хандах биш анхаарах ёстой зүйл.

Улсын баяр наадмаар хоёр, гурван бөх хасагдсан ч цаагуураа Монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-ноос энэ дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана. “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм” бол холбооны дүрэм биш. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ирэх намраас өмнө дүрмийн өөрчлөлтийг шийдвэрлэхээр ажиллана" гэсэн юм.